Цаг үеийн мэдээ

ОХУ-ын өмнөд нутагт Каспийн тэнгисийн эрэг дээр 2,500 орчим далайн нохой үхсэн байдалтай олджээ. Холбогдох албаны хүмүүс эдгээр далайн ноход ямар нэг гаднын хүчирхийллийн улмаас үхсэн гэх шинж тэмдэг ажиглагдахгүй байна гэжээ.

Эхлээд мэдээлэхдээ 700 орчим далайн нохой үхсэн гэж үзсэн ч холбогдох хүмүүс нөхцөл байдалтай танилцаж дахин тоолж, 2,500 орчим байгааг тогтоожээ. Уг явдлыг нягтлах ажил дуусаагүй учир энэ тоо дахин нэмэгдэж болзошгүй гэдгийг анхааруулсан байна.

Каспийн тэнгис дэх далайн нохой 2008 оноос хойш Байгаль хамгаалах олон улсын холбооны улаан жагсаалтад багтаж нэн ховордсон амьтны төрөл болжээ. Каспийн хүрээлэн буй орчныг хамгаалах төвийн захирал Заур Гапизов далайн ноход учир битүүлэг шалтгаанаар үхэх үзэгдэл ойролцоогоор хоёр долоо хоногийн өмнөөс эхэлсэн гэж мэдэгджээ.

Түүнчлэн тэдгээр амьтдыг санаатайгаар алсан болон загасны торонд орооцолдсон зэрэг гаднын нөлөөтэй шинж тэмдэг байхгүйг онцолсон байна. Тиймээс үхсэн амьтдаас дээж авч лабораторид шинжилгээ хийж үхлийн шалтгааныг нь тогтоох ажээ. 

Ойрын хэдэн арван жилийн хугацаанд хууль бус ан болон аж үйлдвэрийн бохирдлын улмаас Каспийн тэнгис дэх далайн нохойн тоо толгой огцом цөөрсөн байна. Каспийн хүрээлэн буй орчныг хамгаалах төв зуу гаруй жилийн өмнө сая гаруй далайн нохой байсан бол өдгөө ердөө 70,000 үлдсэн гэж тооцоолжээ.

Эх сурвалж: ВВС

 

Таны сурталчилгаа