Монгол Улсын сайд, олимп, нийтийн биеийн тамир, спортын улсын хорооны дарга Б.Бат-Эрдэнэ, Биеийн тамир, спортын улсын хорооны дарга Д.Жаргалсайхан нар өнөөдөр самбо бөхийн насанд хүрэгчид, залуучууд, өсвөр үе, сурагчдын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс алт, мөнгө, хүрэл медаль хүртсэн баг тамирчин, дасгалжуулагчдад хүндэтгэл үзүүлж, шагнаж урамшуулав.
Тодруулбал, дасгалжуулагч Г.Үүрцолмон, Б.Дамланпүрэв, Э.Доржпүрэв нарыг Биеийн тамир, спортын улсын хорооны Жуух бичгээр шагналаа. Мөн самбо бөхийн насанд хүрэгчдийн ДАШТ-ээс медаль хүртсэн Г.Баяндүүрэн (алт), Д.Пүрэвдорж (мөнгө), Д.Төмөрхүлэг (хүрэл), залуучуудын ДАШТ-ээс медаль хүртсэн О.Оюунчимэг (алт), Г.Төрболд (мөнгө), Д.Есүй (мөнгө), өсвөр үеийнхний ДАШТ-ээс медаль хүртсэн Б.Батдаваа (алт), сурагчдын ДАШТ-ээс медаль хүртсэн Н.Ундрахбаяр (алт) нарыг Биеийн тамир, спортын тэргүүний ажилтан цол тэмдгээр шагнаж урамшууллаа.
Энэ үеэр БТСУХ-ны дарга Д.Жаргалсайхан хэлсэн үгэндээ “Биеийн тамир, спортын улсын хорооноос самбо бөхийн спортыг дэмжиж ажиллаж байгаа. Бэлтгэл сургуулилт хийх заалыг нь шийдэж өгч байна. Улсын хэмжээний наадмын хөтөлбөрт тогтмол оруулж, улсын аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулахад нь дэмжлэг үзүүлж ирсэн. Самбо бөхийн хамт олонд өндөр амжилт хүсье” хэмээн тодотголоо.
Нэмж хэлэхэд, 1973 онд Ираны нийслэл Тегран хотод болсон ДАШТ-ээс гавьяат тамирчин Ш.Чанарав алтан медаль хүртсэн нь Монголын самбочдын анхдагч амжилт бол гавьяат тамирчин, гавьяат дасгалжуулагч Х.Эрдэнэт-Од таван алтан медаль хүртсэн нь хамгийн оргил амжилт юм.