Жүдо бөхийн ОУХМ Цэнд-Аюушийн Наранжаргал холимог тулааны "PFL" холбоотой гэрээ байгуулж элсээд удаагүй байгаа. Тэгвэл 30 настай тэрбээр тус холбооны анхны, өөрийн замналын гурав дахь тулаанаа 2023 оны хоёрдугаар сарын 3-нд "Challenger Series" тэмцээнд холимог тулаанд нэг ялалт аваад буй, бразил жюү-жицүгийн хар бүстэй тамирчин АНУ-ын Аманда Леветэй хийхээр болов.
Ц.Наранжаргал нь жүдо бөхөөр "Рио-2016" олимпийн наадамд эх орноо төлөөлөн оролцсон. "Гуанжоу-2010", "Инчёнь-2014", "Жакарта-2018" Азийн наадмаас хүрэл, 2015 онд Азийн аваргаас алтан медаль хүртэж Монгол Улсын аваргаар 12 удаа тодорсон шилдэг тамирчин юм.