Цаг үеийн мэдээ

Бразилийн хөлбөмбөгийн домогт тамирчин Пеле 82 насандаа таалал төгсжээ. Тэрээр дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд улсынхаа шигшээ багийн хамт гурван удаа алтан медаль хүртсэн цорын ганц хөлбөмбөгчин бөгөөд хөлбөмбөгийн спортын түүхэн дэх анхны домог болсон тамирчин хэмээн хүндлэгддэг билээ.

Тэрбээр амьсгалын замын халдвар болон шулуун гэдэсний хорт хавдартай холбоотой өвчин зовиураас болж өнгөрсөн сард эмнэлэгт хэвтээд байсан юм. Сүүлийн долоо хоногт түүний биеийн байдал улам бүр муудсаныг Сан Паологийн эмнэлэг мэдэгджээ. Хөлбөмбөгийн домог пүрэв гарагийн өглөө шулуун гэдэсний хорт хавдраас үүдэлтэй олон эрхтэний доголдлоос болж Альберт Эйнштейний эмнэлэгт таалал төгсжээ. 

Пеле дөрвөн удаа Бразилийн шигшээ багийн хамт ДАШТ-д оролцсон байна. Амьд ахуй цагтаа “Бетховен хөгжим бичихийн төлөө төрсөн шиг би хөлбөмбөг тоглохын төлөө л төрсөн” хэмээн хэлж байжээ. Пелегийн тоглосон анхны клуб Сантосоос эхлээд дэлхийн хөлбөмбөгийн спортын тамирчид, шүтэн бишрэгчид түүнд эмгэнэл илэрхийлсээр байна. 

Хамгийн идэвхтэй хөлбөмбөг тоглосон амьдралынхаа 20 гаруй жилийн хугацаанд 1363 тоглолтод оролцож 1281 гоол оруулж, улсынхаа шигшээ багтай 92 тоглолт хийснээс 77 гоол оруулсан амжилтаараа дэлхийн дээд амжилт тогтоосон домогт тамирчныг ирэх даваа гарагт оршуулахаар болжээ.

Эх сурвалж: CNN

 

Таны сурталчилгаа