Цаг үеийн мэдээ

“Монголын Явган алхалтын холбоо” нь явган алхалтыг хөгжүүлэх, олон улсын алхагч нартай хамтарсан хөтөлбөр, үйл ажиллагаануудыг зохион байгуулах, байгаль орчиндоо ээлтэй, эрүүл чийрэг, амьдралын идэвхтэй, эерэг хэв маяг, дадал зуршил бүхий иргэдийг бий болгох, Монгол улсдаа аялал жуулчлалын шинэ боломжийг бий болгон хөгжүүлэх зэрэг олон талт зорилтуудыг хэрэгжүүлэхээр Улаанбаатар хот болон аймгуудад салбаруудаа байгуулан амжилттай ажиллаж байгаа төрийн бус байгууллага юм.

2022 онд төв холбооны зүгээс Хөвсгөл, Хэнтий, Өмнөговь, Сэлэнгэ, Орхон, Дархан-Уул, Говь-Алтай, Завхан, Булган, Архангай, Дорноговь, Баянхонгор, Баян-Өлгий зэрэг аймгуудад явган алхагчидаа илгээн 100-400 км-ийн явган алхалтын хөтөлбөрийг зохион байгуулж байжээ. Мөн салбар холбоодын зүгээс өөрсдийн орон нутагтаа явган алхалтыг зохион байгуулж, идэвхтэй, эрүүл амьдралын хэв маягт иргэд, олон нийтийг уриалсаар байна.

Харин 2023 оны нээлтийн алхалтаа энэ оны 1 дүгээр сарын 1-ний өдөр Сэлэнгэ аймгийн Мандал сумын нутагт орших НОЁН УУЛ-нд "Хүннү их улсын түүхийн жимээр" сэдвийн хүрээнд амжилттай зохион байгуулж, нийт 150 гаруй явган алхагчид оролцжээ.

Энэхүү маршрут нь ихээхэн онцлогтой газар юм. Монголын их төрийн голомт Хүннү их улсын хаадын онгон шүтээн, түүхийн маргашгүй баримт, монголын суу бахархлын оргил, архилогийн үнэ цэнтэй олдвор, Хүннүчүүдийн соёл, зан заншил, гадаад харилцаа, амьдралын хэв маяг, угсаа гарал, урлаг соёлын гайхалтай баримтууд эндээс олдсон юм.

Энэхүү газраар алхснаар явган алхагчид эх түүхээ танин мэдэх, хойч үеэ мэдлэгжүүлэх, үндэсний дархлааг бий болгохын зэрэгцээ байгаль дэлхийн гоо үзэсгэлэнг биширч, хайрлан, хамгаалах боловсролыг олж авсан. Мөн түүнчлэн газар бүрийн алхагчид хоорондоо танилцаж, нөхөрлөн, олон талт хамтын ажиллагааг хөгжүүлсэн талбар болж чадсан юм.

Ноён уул нь хуучин цагийн Өргөө буюу өнөөгийн Улаанбаатараар дайран Хиагтаас Цагаан хэрмийн Чуулалт хаалга орох худалдааны их замын хаяанд байсан тул 18-р зууны сүүл 19-р зууны эхэн үед түүгээр явж өнгөрсөн, Хаант Оросын болоод Баруун Европын жуулчин, элчин нар энэ уулыг, ан аваар элбэг, үзэмжтэй сайхан, нутгийн хүмүүс нь үүнийг ихэд хайрлан хамгаалдаг хэмээн замын тэмдэглэлдээ бичсэн нь бий. Өнөөгөөс 200 илүү жилийн өмнө уг уулыг мөн л Ноён уул хэмээн хүндэтгэн нэрлэж дархлан хамгаалж байсан нь нутгийн монголчууд тэнд эртний хаад язгууртны булш оршуулга байсныг лавтай мэддэг, тэдгээрийг дээдсийнхээ дурсгал хэмээн үзэж хөндөн сандаахыг цээрлэж байсны гэрч болно.

Ноён ууланд өнөөг хүртэл язгууртны булш 13-ыг малтсанаас эхэн үеийн малтлагаар илэрсэн үнэт чухаг олдворууд нь одоо ОХУ-ын Эрмитаж музейд хадгалагдаж байна.

Тус алхалтыг Mongolian Walking Association - Монголын Явган Алхалтын Холбооны салбар болох Сэлэнгэ аймгийн Явган Алхалтын Холбоо нутаг орондоо хүлээн авч, амжилттай зохион байгуулсан юм. Мөн дэмжлэг үзүүлж хамтран ажилласан БТСУХ, НЭМҮТ, НАЖГ, Хас банкны Зүүн хараа дахь салбар, Зүүн хараа зангилааны залуучуудын зөвлөл, Шижир хишиг нөхөрлөл зэрэг байгууллагууд байлаа. Аялалын төгсгөлд УБТЗ-ын ачааны вагон засварын депотой танилцаж, нээлтийн ёслолын арга хэмжээндээ оролцож, сертификат тэмдэгээ гардан авцгааснаар арга хэмжээ өндөрлөв.

Таны сурталчилгаа