Сүүлийн жилүүдэд оролцсон бүх тэмцээндээ түрүүлж дэлхийн олон рекордыг тогтоож, Монгол Улсынхаа аваргаар 3 удаа дараалан тодорсон Тамирын Тэнүүн 400 тамирчнаас манлайлж онлайнаар болсон 31 дэх удаагийн ой тогтоолтын ДАШТ-ээс алтан медаль хүртжээ. Тэрбээр "Хурдны тоо" төрөлд 5 минутад 624 цифр цээжилж алдаагүй санаснаар дэлхийн рекордын эзэн болж Гиннесийн номд бичигдэхээр болов. Энэ төрлийн дэлхийн рекордыг өмнө нь БНХАУ-ын 616 цифрээр эзэмшиж байсныг Т.Тэнүүн 3 жилийн дараа ийнхүү шинэчилсэн.
31 жилийн хугацаанд 5 минутад 600 цифрээс дээш цээжилсэн ердөө гурван тамирчин байдаг бөгөөд манай тамирчин тэдний эгнээнд нэгдсэнээр барахгүй дэлхийн чансаанд нэгдүгээр байрт бичигдэж эхэллээ. Ой тогтоолтын ДАШТ-д Монголын баг 20 алт, 15 мөнгө, 19 хүрэл медаль хүртэж 19.018 оноогоор Монгол Улсын шигшээ баг үнэмлэхүй ялалт байгуулав.