Хорьдол Сарьдгийн дархан цаазат газраас Алтайн чацуулин гэдэг тархац нутаг нь тодорхойгүй нэн ховор амьтныг цасан дээр үхсэн байхад нь олсон байна. Алтайн чацуулин гэдэг амьтан нь Улаан номд бичигдсэн хэдий ч огт судлагдаагүй амьтан бөгөөд хар шороон хөрсөн давхаргаар шавж идэж амьдардаг, нэн ховор, хүнд үзэгдээд байдаггүй газар доор амьдардаг гэдгийг Улаан тайгын улсын тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргааны дарга Ж.Төмөрсүх хэлж байлаа.
Улаан тайгын Улсын тусгай хамгаалалттай газарт 60 гаруй зүйлийн хөхтөн амьтан түүн дотор нэн ховор, ховордсон аргаль, янгир, хандгай, хүдэр зэрэг 20 гаруй төрлийн амьтан байдаг.
Алтайн чацуулингийн бие 190 мм, сүүл 34 мм хүртэл урт. Бие бөмбөгөрдүү гонзгойвтор. Хүзүү богино, хоншоор урт, шонтгор. Газар малтахад зохицон хөл богиноссон, урд хөл илүү бахим, алга нь гадагш эргэсэн. Нүд анивчдаг зовхитой, үсэн дотроо бараг далдарсан. Чихний дэлбээ байхгүй. Зүс тод бүдэг, хүрэн бор толбо бүхий торгомсог гялтганасан бараавтар хүрэвтэр, тугалган хөх саарал. Монгол Улсын баруун хойд хязгаарт Монгол Алтайн Цагаан шувуут уулаас зүүнээ Тана нурууны өвөр бэлийн уулс, Тэс голын эх, Улаан тайга, Дархадын хотгор, Хөвсгөл нуурын хойд уулс, Үүр голын эх хүртэлх зурвас нутагт хэсэгхэн газарт тохиолдоно. Ялзмаг ихтэй чийглэг хөвсгөр зөөлөн хөрстэй ой шугуйд голын татам, хөндийгөөс 3500 м хүртэл нутагладаг гэсэн судалгаа байдаг ажээ.
Эх сурвалж: Хөвсгөлийн өнгө