Бөхийн төрлүүдийн дэлхийн чансааны оноо олгох “Загреб Опен” тэмцээн өчигдөр Хорватын нийслэл Загребт эхэллээ. Эхний өдөр эрэгтэйчүүдийн 57, 61, 65, 70, 74, 86 кг-ын жингийн барилдаанууд болж Монголын гурван бөх барилдсанаас нэг алт, нэг мөнгөн медаль хүртэв. 65 кг-ын жинд “Осло-2021” ДАШТ-ий хүрэл медальт, үндэсний шигшээ баг “Хүч” спорт хорооны тамирчин ОУХМ Т.Тулга нар алтан медаль хүртэж төрийн дууллаа эгшиглүүлсэн. 61 кг-д 23 хүртэлх нас болон насанд хүрэгчдийн ДАШТ-ий хүрэл медальт үндэсний шигшээ баг, “Хасу-Мегастарс” клубийн тамирчин ОУХМ Н.Наранхүү мөнгөн медаль хүртэв. Харин ОУХМ Э.Тэмүүлэн 70 кг-д хүрэл медалийн төлөөх барилдаанд Гүржийн Георгий Элбакидзед 2:8-аар ялагджээ.
Өнөөдөр Монголын бөхчүүдээс эрэгтэйчүүдийн 92 кг-д 23 хүртэлх насны ДАШТ-ий хүрэл медальт ОУХМ Г.Ганхуяг, эмэгтэйчүүдийн 50 кг-д ДАШТ-ий мөнгө, хүрэл медальт гавьяат тамирчин Д.Отгонжаргал нар барилдана.