Зуунмод хотын түүхт 80 жил, Төв аймгийн 100 жилийн ойг тохиолдуулан “Зуунмод нэвтэрхий толь-I” номыг гаргажээ. Тус номд Зуунмод хотыг үүсэн байгуулснаас хойших өөрчлөлт шинэчлэлт, хөгжлийн талаар бичсэн ба Зуунмод сумын Засаг даргын тамгын газарт ажиллаж байсан үе үеийн ажилтнуудын түүх намтар багтсан байна.
Энэхүү номын эхлэл хэсэгт Төв аймгийн төв Зуунмод хотыг үүсгэн байгуулж байсан үеийн түүхийг архивын баримтаар өгүүлэн бичсэн байна. Дэлгэрүүлбэл,
Богдхан уулын аймгийн яамыг 1924 оны тавдугаар сарын 9-ний шийдвэрээр Зоригт вангийн хошууны нутаг буюу одоогийн Лүн сумын төвийн хойхнотой Хөх давааны аманд буулгаж, долоон гэрт ажлаа явуулж эхлээд, өртөө зам, утсан харилцаа, ус түлшинд ойр Өвөр Долоодод нүүн төвлөрч, Халиугчин Боролзой уулын хошууны тамгын газартай хамт төвлөрүүлжээ.
Ж.Самбуу Богдхан уулын аймагт ажилласан тухайгаа “Энэ үед миний бие орон нутгийн засаг захиргааны зохион байгуулалтыг шинэ системд оруулах бэлтгэл ажилд оролцож, мөн оны сүүлчээр Богдхан уулын аймгийн яамыг Лүн сумаас нүүлгэн Улаанбаатар хотод ирүүлж, хуучин Засгийн газрын ордон байсан жижиг хөх туйпуу байшинд байрлуулан, шинэ Төв аймаг болгох зорилгоор төвхнүүлэн ажиллав” гэжээ. Ингэж Төв аймгийн яам 1931 оноос 1942 он хүртэл 11 жил Улаанбаатар хотод төвлөрчээ.
Төв аймгийн даргаар 1942-1944 онд ажиллаж байсан Пунцагийн Лувсангомбо агсан дурсахдаа: Аймгийн төв Улаанбаатар хотод байрлаж байхад аймгийн Намын хороо нь одоогийн Циркийн ард, аймгийн захиргаа нь Дуурь бүжгийн театрын баруун урд, шүүх, прокурор нь Тусгаар тогтнолын ордны ард, Хоршоодын холбоо нь Нийслэлийн I сургуулийн орчимд, Мал эмнэлэг нь Төв номын сангийн өмнө гэх мэтээр тарчихсан, сумдтай утсан харилцаа холбоогүй, морин өртөөгөөр алба залгуулдаг байв. Тэр цагийн өртөө их чирэгдэлтэй, ардын аж ахуйтан айлуудыг 30-45 хоногоор өртөөнд ээлжлэн дайчилж, Улаанбаатар хотын дэргэд буулган, Нийслэлийн дөрвөн чиглэлд 11-12 өртөө буюу 360 км зам туулж аймгийн шийдвэр сумдад хүрч ажил зохион байгуулдаг байлаа. Мөн агт морьдын өвс тэжээл дутагдахаас эхлээд бэрхшээл мундахгүй гэжээ.
Харин 1932 оны хоёрдугаар сарын 17-ны БНМАУ-ын Бага Хурлын тэргүүлэгчид хуралдсан 12 дугаар хурлаас гаргасан тогтоолд Төв аймгийг Богд уулын өвөр Зуунмод хэмээх газар төвлөн суурьшуулж 1942 он гэхэд тус газар төвлөн суурьшвал зохилтой гэв.
1942 оны хоёрдугаар сарын 11-ний өдрийн Улсын Бага хурлын тэргүүлэгчид ба Сайд нарын Зөвлөлийн архивт хадгалагдан үлдсэн тэмдэглэлд: Бидний биес даалгаврын ёсоор Төв аймгийн суурьшуулахыг хүсч саналыг илэрхийлэн буй Богд уулын өвөр болон Зуунмод хэмээх газрыг үзсэн тухай илтгэн толилуулах нь:
Төв аймгийн төвийг Улаанбаатар хотоос нүүлгэн Богд уулын өвөрт суурьшуулах явдлыг тус аймгийн Бага ба бүгд хурлуудаас шийдвэрлэсэн хүсэл ба мөн ард олноос Зуунмод хэмээх газар төвлөрүүлэхийг ихээхэн хүссэн бөгөөд энэхүү газрыг бид нар биечлэн үзэж аймгийн төвийг буй болгоход болох газар хэмээн үзэж зөвшөөрөв. Мөн тэнд төвлөрүүлэхэд болох хойшдын нөхцөл бүрэлдэхүүнийг илэрхийлвээс:
1. Налайхын чулуун нүүрс нь төлөвлөхийг хүссэн Зуунмодоос зүүн тийш 45 км зайтай байна. Мөн Өмнөговийн шугам утас нь төвлөх газраас баруун тийш 15 км тус тус болохоос гадна энэхүү Зуунмод нь мөнхүү аймгаас хүссэнээр төвлөрүүлэхэд ард олон ба ой хөвч, ус зэрэг аль нэг нь тохирч тэнцсэн газар хэмээн үзэж саналыг илэрхийлэн илтгэнэ
2. Мөнхүү газар төвлөрүүлэхэд тариа будааг хөгжүүлэхэд бага зэрэг нөхцөлтэй ба Манзуширийн хийд хэмээх газраас ашиглах барилгын материал нэлээд байна хэмээн үзэв. Түүнээс гадна туйпуу боловсруулж болох болов уу хэмээх зөөлөн маягийн шаварлаг бор шороотой болохыг тэмдэглэхийн хамтад цахилгаан гэрлийн талаар Нүхтийн амны амралтын газраас татаж Богд уул дээгүүр шууд давуулан тавьж болох нөхцөлтэй болно гэж 25 км-ээс хэрхэвч үл өнгөрөх учрыг тус тус илэрхийлэн толилуулъя гэснээр ийнхүү өнөөгийн Зуунмод хот суурьшин төвлөрчээ.