Монголын бүх ард түмний XVI өвлийн спортын наадмын бэлгэдэл арсланг Эрдэнэт хотын “Хамтдаа урлая” урлангийн 15 гар урлаач ээжүүд аймаг, орон нутгийнхаа онцлогийг харуулж урласан. Тэдний урласан 210 ширхэг нэхмэл арсланг өвлийн спортын наадамд амжилт гаргасан тамирчдад дурсгал болгон хадгалуулах юм. Арслангийн их биеийг шаргал, ногоон өнгөөр урласан нь шар өнгөөр зэсийг, номин ногоон өнгөөр оюуг төлөөлүүлсэн. Мөн арслангийн энгэрийн туузад Орхон аймгийн болон өвлийн спортын наадмын логог шигтгэж өгчээ.