Цаг үеийн мэдээ

МҮБХ, "SPS" телевиз хамтран зохион байгуулж буй "Үндэсний Алтан цом"-ын төлөөх шигшээ барилдааны гуравдугаар тойргийн хоёр барилдаан өнөөдөр Монголын бөхийн өргөөнд боллоо. Эхний барилдаан Булган, Баян-Өлгий аймгийн хооронд болж анхдагчийн өлгий Булган аймгийн бөхчүүд 17:8-аар илүүрхэв. Улсын зургаан начингаар багаа бүрдүүлсэн Булган аймаг гурав дараалан ялалт байгуулсан. Булганаас улсын начин Д.Амарсайхан, Б.Түмэндэмбэрэл 4, Э.Сумъяабат, Б.Түвшинтөгс тус бүр 3 давж Өлгийн хүчтэнүүдээс улсын заан Б.Серик, аймгийн хурц арслан М.Еркебулан нар 3 даваа авлаа.

Хоёр дахь барилдаан Өвөрхангай, Төв аймгийн багууд учраа таарч Өвөрхангай аймгийн бөхчүүд 18:7-гоор ялалт байгуулсан. Улсын харцага Ц.Бямба-Отгон нэг ч унаагүй 5 давж улсын харцага Х.Гантулга, улсын начин Б.Лхагвадорж 4, улсын харцага Б.Цэдэнсодном 3 даваа тус тус авлаа. Харин Төв аймгаас улсын начин Д.Хүдэрбулга 3 даваагаар багаа тэргүүлсэн. 

Маргааш 11:00 цагт Архангай - Баянхонгор, 16:00 цагт Увс - Завхан аймгийн багууд тус тус барилдана.

Таны сурталчилгаа