БНХАУ-ын Гадаад хэргийн сайдын албыг 2013 оноос хойш хашиж байгаад 2022 оны 12 дугаар сард ажлаа хүлээлгэж өгсөн Ван И өнгөрсөн сард Ши Жиньпин даргын гадаад бодлогын тэргүүн зөвлөхөөр томилогдсон билээ. Хятадын тэргүүн дипломатч Ван И энэ сард ОХУ-д айлчлахаар болсныг Гадаад хэргийн яамнаас нь мэдээлжээ.
ОХУ Украин руу цэргээ оруулснаас хойш жилийн дараа Хятадын өндөр дээд албаны төлөөлөгч анх удаа Москвад албан айлчлал хийх гэж байна. Уг айлчлал нь Ши Жиньпиний энэ оны сүүлээр Орост хийхээр төлөвлөсөн айлчлалын бэлтгэл ажлыг хангаж байж ч болзошгүй юм.
Ши Жиньпин даргын гадаад бодлогын тэргүүн зөвлөх Ван И мягмар гарагаас эхлэн Европын бүсийн улс орнуудад найм хоногийн хугацаатай айлчлалаа эхлүүлнэ. Уг айлчлалын хүрээнд Франц, Итали, Унгар зэрэг улсуудаар айлчлахаас гадна Орост хөл тавих ажээ.
Энэ амралтын өдрүүдэд Мюнхений аюулгүй байдлын бага хуралд Ван И оролцох юм байна. Уг хуралд АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен мөн оролцохоо мэдэгдээд байгаа билээ. Өнгөрсөн сард Хятадын харуулын бөмбөлөг Америкийн агаарын хилийг зөрчсөн хэрэг хоёр улсын харилцааг дахин хурцатгаад байгаа үед Блинкен болон Ван И нар тусгайлан уулзаж магадгүй хэмээн эх сурвалжууд мэдээлжээ.
Нөгөөтээгүүр Ван И Гадаад хэргийн сайдын албан тушаалыг өгснөөсөө хойш шинэ албанд томилогдоод анхны гадаад айлчлалаа хийх гэж байгаа тул Бээжин Москвагийн нөхөрсөг харилцааг хадгалахын зэрэгцээ АНУ-ын нөлөөгөө тэлж буй Европын бүсийн орнуудтай харилцаагаа тогтвортой хэвээр үлдээж, Хятадын нэр хүндийг өсгөх зэрэг олон сорилт тулгарч байна.
Эх сурвалж: CNN