Тель-Авивын "Их Дуулга" тэмцээний сүүлийн өдөр эрэгтэйчүүдийн 90 кг-ын жинд үндэсний шигшээ баг, "Алдар" спорт хорооны тамирчин Гантулгын Алтанбагана хүрэл медалийн эзэн боллоо. Израилиас Монголын багийн эхний медалийг авчирсан тэрбээр нэмэлт цагт 2018 оны ДАШТ-ий мөнгөн медальт Кубын Иван Фелипе Силва Моралесийг цэвэр ялснаар шагналын тавцанд зогсох эрхтэй болов. Энэ нь Г.Алтанбаганын хувьд Грандслам ангиллаас хүртсэн тав дахь (1 мөнгө, 4 хүрэл) медаль болж байна.