XVII жарны "Үзэсгэлэн болгогч" хэмээх усан туулай жилийн сар шинийн баярт зориулсан Улс, аймгийн алдар цолтой 256 бөхийн барилдааны нэг, хоёрын даваа өнөөдөр болж өндөрлөв. Маргааш 14:00 цагаас гурвын даваа эхэлнэ.
Тус барилдааны үеэр Монгол улсын Ерөнхийлөгчийн зарлигаар төрийн дээд шагнал Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор Булган аймгийн Могод сумын харьяат, Монгол улсын заан Дамдинсүрэнгийн Лхагвасүрэн, Архангай аймгийн Өндөр-Улаан сумын харьяат, Монгол улсын начин Рэнцэндашийн Цоггэрэл нарыг, Алтангадас одонгоор Архангай аймгийн Булган сумын харьяат, Монгол улсын начин, Чөлөөт бөхийн Ази тивийн аварга, ОУХМ Чагнаадоржийн Ганзориг, Өвөрхангай аймгийн Хужирт сумын харьяат, аймгийн ахмад заан Данзанбатын Сэрээнэн нарыг шагнасныг МҮБХ-ны удирдлагууд гардууллаа.