Цаг үеийн мэдээ

Мэргэжлийн сагсан бөмбөгийн ертөнц дэх хамгийн хүчирхэг лиг болох NBA( National Basketball Association)-д Монголын анхны сагсчин тоглох цаг мөч ойртсоор.

АНУ-ын Оюутны лиг ( NCAA)-ийн нэгдүгээр дивизион буюу дээд ангилалд монгол хүний мөрийг анх гаргасан, "Дэйтон флайерс" багийн тоглогч Шаравжамцын "Майк" Энхийн-Од энэ жилийн NBA draft буюу шинэ тоглогчдын сонгон шалгаруулалтад нэр нь орсон гэдгийг спортын томоохон суваг ESPN-ийн эх сурвалжаас ( сэтгүүлч Jonathan Givony анх мэдээлсэн) уламжлан Daytondailynews.com, Hoopshype.com, Fieldlevelmedia.com гэх мэт олон мэдээллийн хэрэгслээр шуугиад эхэллээ.

Ш.Энхийн-Од өнгөрсөн хавар АНУ-ын ахлах сургуулийг 2022 оны төгсөлтийн Дэлхийн шигшээд багтан АНУ-ын үе тэнгийнхнийхээ шигшээ багтай хийсэн тоглолтод оролцож, намраас нь Дэйтон их сургуулийн багийн хамгаалагч болж, улирлын турш амжилттай тоглон "Атлантик-10" конференцийн шинэ тоглогчдын бэлгэдлийн шигшээд нэрлэгдсэн юм.

Энхийн-Одод NCAA-ийн шилжилт, наймааны цонхоор өөр их сургуулийн багт орох боломж байсан ч мэргэжлийн замналаа эхлүүлэхийг илүүд үзсэн бололтой хэмээн дээрх хэвлэлүүдэд бичсэн байна.

NBA Draft 2023 нь зургаадугаар сарын 22-нд Нью Йоркийн Брүүклинд явагдах юм.

Ц.Энхтүвшин

Таны сурталчилгаа