3х3 сагсан бөмбөгийн Азийн АШТ-д өрсөлдөж буй Монголын эрэгтэй баг хагас шигшээд Далайн орнуудын төлөөлөл Шинэ Зеландыг хүнд тулааны эцэст 19:18-аар хожиж, аваргын төлөө өрсөлдөхөөр шалгаран үлдлээ.
Монголын баг ийнхүү дөрөв дэх удаагаа тивийн аваргын шигшээд шалгарч байна. Манай баг өмнө нь 2017 онд аваргалж, 2018, 2019 онд мөнгөн медаль хүртсэн билээ.
Манай өрсөлдөгч Шинэ Зеландын хувьд тивийн чансааны 7-д эрэмбэтэй, Азийн аваргаас хошой мөнгөн медаль (2017, 2022) хүртсэн амжилттай баг байв.
Хоёр баг өмнө нь 2017 онд Улаанбаатар хотноо болсон Азийн аваргын финалд таарч, манай баг 19:14-өөр хожсон. Энэ удаа манайхан эсрэг багийн намхан тоглогчийг олзлон авч, түүний эсрэг тоглох тактик хэрэглэсэн нь үр дүнгээ өгч байв.
Энэ тоглолтод Д.Дэлгэрням 7 оноогоор багаа тэргүүлсэн бол Э.Дөлгөөн 6, А.Ананд, О.Энхбаатар нар 3 оноо тус тус авлаа.
Одоо Монголын шигшээ 19:45 цагаас Австралитай аваргын төлөө тоглох болно. Австралийн шигшээ сүүлийн гурван Азийн аваргад дараалан түрүүлээд байгаа юм.