Ховд аймгийн Мөст сумын “Улаан толгой” багийн засаг дарга "Б" нь иргэн "Б"-г хутгалж биед нь хүнд гэмтэл учруулсан талаар Ховд.мн сайтад ар гэрийнхэн нь мэдээлжээ. Тухайн асуудлаар
Ховд аймгийн нэгдсэн эмнэлгийн эмчилгээ хариуцсан эмч Б.Батбулган: "Дөрөвдүгээр сарын 2-ний шөнө жижүүртэй хонож байх үед яаралтай тусламжид тухайн иргэн цонхийсон, шокийн байдалтай ирсэн. Яаралтай хагалгаанд орох шаардлагатай байсан. Хагалгааны дараа тухайн иргэний биеийн байдал тогтвортой байгаа хэдий ч маш их цус алдсан. Шокоосоо дөнгөж гарсан биеийн байдал тогтворжиж байна. Цээжин хэсэгтээ хутгалуулаад тэр нь дамжаад хэвлийн хөндийдөө орчихсон байдалтай ирсэн. Хагалгааг хэвлийн хөндийд хийсэн. Хутга 7-8 см нэвтэрч ходоод руу орсон. Ходоодонд оёдол тавигдсан. Цаашид хагалгааны хэсэгт буглаа үүсэж, хүндрэл үүсэхийг үгүйсгэхгүй"
Хохирогч: “Гуравдугаар сарын 31-нд манай багийн хурал болсон юм. Би хурал дээр хоолой дээр барьсан хоёр 00-ийг хэдэн төгрөгөөр босгосон тухай асуухад дарга намайг “гөлөг минь чамтай тусдаа ярина аа” гэж занасан. Маргааш нь би найзтайгаа явж байтал машинтайгаа миний араас ууртайхан ирсэн. Тэгээд бид хоёр гэрт нь очсон ч согтуу галзуу хүмүүсийг оруулахгүй гээд эхнэр нь оруулаагүй. Тэгэхээр нь манай найз орно гээд эхнэрийг нь түлхсэн чинь эхнэр нь “хүн аллаа” гэж орилоод, гэтэл цаанаас нь засаг дарга гарч ирээд намайг хутгалсан. Хутгалчхаад хөөгөөд гаргасан. Түргэн тусламж дуудаагүй. Миний хувьд санаатай гэмт хэрэг үйлдсэн л гэж бодож байна. Одоогийн байдлаар босож ч чадахгүй ходоодоо оёулсан байдалтай л байна"
ЦЕГ-ын хэвлэл мэдээллийн төвийн дарга, цагдаагийн хошууч Г.Мөнхбаяр: 2023.04.02-ний өдрийн 20:50 минутанд цагдаагийн байгууллагад хүн хутгалачихлаа гэсэн дуудлага мэдээлэл ирсэн байна. Дуудлага мэдээллийн дагуу Ховд аймгийн Булган сум дахь сум дундын цагдаагийн хэлтэс мөрдөн шалгах ажиллагааг явуулахад иргэн Б нь багийн засаг дарга Б-тай хувийн таарамжгүй харилцааны улмаас засаг дарга Б гэгч нь 35 настай эрэгтэйг хэвлий тус газар нь 1 удаа хутгалж бусдын биед хүнд гэмтэл санаатай учруулсан үйлдэл тогтоогджээ. Тухайн хэрэгтэй холбоотой цагдаагийн байгууллагаас шинжээч эмч томилож гэмтлийн зэрэг тогтоолгохоор ажиллаж байна. Мөн цагдаагаас прокурорын байгууллагад цагдан хорих саналыг тавьсан. Прокурорын байгууллагаас шийдвэр гарсан тохиолдолд тухайн хэргийг үйлдсэн иргэн Б-г цагдан хорьж холбогдох мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлнэ явуулна" гэлээ.