Цаг үеийн мэдээ

Монголын Үндэсний Бөхийн Холбооны Үндэсний “Pepsi” “Алтан цом”-ын төлөөх шигшээ барилдааны тавдугаар тойргийн барилдааны хоёр дахь өдөр Баян-Өлгий, Баянхонгор аймгийн багууд эн тэнцүүхэн өрсөлдсөнөөс Баян-Өлгий аймгийн баг  13:12-оор ялалт авлаа.

Баян-Өлгий аймгийн багт улсын өсөх идэр начин Н.Мустафа /3/, улсын начин Б.Баатарцол /0/, дөрөвдүгээр тойргоос сэлгээнд сууж, түүний оронд орж барилдсан аймгийн арслан Э.Тамираа /1/ аймгийн хурц арслан У. Береке /4/, аймгийн хурц арслан М.Еркебулан /3/, аймгийн заан Е. Көптилек /2/ нийт  13 даваа авсан бол Баянхонгор аймгийн багт улсын харцага Н.Золбоо /3/ улсын начин Д.Цэрэнтогтох /1/, улсын начин Э.Батмагнай /5/, аймгийн арслан Ч.Алтангэрэл /3/, аймгийн заан Ч.Даш /0/ нийт 12 даваа авсан юм.

Баян-Өлгий аймгийн багийн дасгалжуулагчаар улсын начин Б.Баатарцол, аймгийн арслан Б.Төмөрбаатар, Баянхонгор аймгийн багийн дасгалжуулагчаар улсын начин Ж.Чулуунбат, аймгийн заан Б.Батгэрэл нар ажиллав. 

Өнөөдрийн барилдааныг Оросын Холбооны Улсын Тува Улсын Бөхийн Холбооны шинээр сонгогдсон Ерөнхийлөгч Монгуш Аяс Олегович, холбооны удирдах зөвлөлийн гишүүдтэйгээ хүрэлцэн ирж үзэж сонирхон шагнал гардуулалцсан юм. 

Маргааш 20:00 цагаас Завхан, Булган аймгийн багууд барилдана.

Таны сурталчилгаа