Эмэгтэйчүүдийн боксын Дэлхийн аварга шалгаруулах 12 дахь удаагийн тэмцээн Энэтхэгийн Шинэ Дели хотод зохион байгуулагдсан. Тус тэмцээний 48 кг-ын жинд үндэсний шигшээ баг, “Аврагч” спорт хорооны тамирчин ОУХМ, ахлагч Л.Алтанцэцэг мөнгө, 54 кг-ын жинд үндэсний шигшээ баг, “Алдар” спорт хороо, Зэвсэгт хүчний 065 дугаар ангийн тамирчин ОУХМ, дэд ахлагч М.Энхжаргал хүрэл медаль хүртсэн өндөр амжилт үзүүлсэн билээ.
Үүнтэй холбогдуулан ОУХМ, дэд ахлагч М.Энхжаргалыг “Алдар” спорт хорооны удирдлагууд хүлээн авч, хүндэтгэл үзүүллээ. Энэ үеэр түүнтэй болон тус спорт хорооны боксын дасгалжуулагч, мэргэжилтэн хошууч А.Гантулга нартай ярилцлаа.
Баяр хүргэе. Сэтгэгдлээ хуваалцахгүй юу?
М.Э: -Баярлалаа. Насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл медаль хүртсэндээ маш их баяртай байна.
Гарын шавь тань дэлхийн энтэй тамирчин болж, медалийн тавцанд зогсохыг харах ямар санагдсан бэ?
А.Г: -Миний хувьд сэтгэгдэл маш өндөр байгаа. М.Энхжаргал маань 12 настай балчир охин байхаасаа энэ спортоор хичээллэж эхэлсэн. Олон жилийн хөдөлмөр зүтгэлийнхээ үр дүнд өнөөдөр дэлхийн медальтнуудын эгнээнд орлоо. Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд өөрийн нөөц, боломжоо бүгдийг нь дайчилж тоглосон. Зорилгынхоо төлөө тууштай зогссон. Медалийн төлөө бие сэтгэлээ зориулж, бэлтгэлээ сайтар хангасан нь үр дүнгээ өглөө гэж бодож байна. Өмнө болж өнгөрсөн, ялангуяа улсын аварга шалгаруулах тэмцээнд гаргасан алдаа оноогоо шүүж, цаашдынхаа замыг зассанаар энэ удаагийн дэлхийн аваргад амжилттай оролцлоо.
Хүрэл медалийн төлөөх тоглолт ямар болж өнгөрсөн бэ? Санасан хэмжээндээ тоглолтоо гаргаж чадсан уу?
М.Э: -Хүрэл медалийн төлөө Итали Улсын тамирчинтай тоглосон. Эхний үед 5:0-ээр ялагдсан. Багш, дасгалжуулагч нартайгаа ярилцаад дараагийн үед өөрийнхөө суурин дээр ажиллаад, эсрэг тамирчныхаа тоглолтыг эвдэж, илүү давшсан тоглолт үзүүлэхийг зорьсон. Хоёрдугаар үед хожсон. Дараагийн үеүдэд мөн илүү ажиллаж, давуу байдлаа хадгалсан.
Багшийн нүдээр М.Энхжаргалын бусад орны тамирчдаас ялгарах онцлог юу байв?
А.Г: -Ерөнхийдөө арга барилын хувьд М.Энхжаргалын хөлийн ажиллагаа сайн байсан. Багшийн хувьд өрсөлдөгчийнхөө хүчийг давуулах, хуурах, хоёр талд нь гарсан, дунд болон ойрын зайнаас тоглоосой гэж хүссэн. Яг бодсоноор минь болсон болохоор баяртай байгаа. Гэдсэндээ олон цохиулахаар хүч суларч, хөлийн ажиллагаа мууддаг. Шавь маань энэ боломжийг сайн ашиглаж чадсан. Мэдээж тухайн орны цаг уур, хоол хүнс эндхийнхээс өөр л дөө. Гэхдээ аливаад хурдан дасан зохицдог монгол хүний онцлог шинж, тамирчны тэсвэр хатуужил бас бий.
Хамгийн анх М.Нандинцэцэг мөн Энэтхэгийн Дели хотод зохиогдсон ДАШТ-ээс хүрэл медаль хүртэж байсан. Үндсэндээ түүнээс хойш манай улсын баг тамирчид ийм өндөр амжилт үзүүлээгүй. Эмэгтэй боксчдын маань ур чадвар өсөж байна гэсэн үг. Боксын холбооны хамт олонд баяр хүргэх нь зүйтэй байх.
Энэ удаагийн тэмцээнд танд медалиас өөр үлдсэн зүйл юу байв? Тэмцээнээ нэг дүгнээд хэлэхгүй юу?
М.Э: -Олон улс, дэлхийн аваргын тэмцээнүүд адилхан явагддаг юм байна. Надад ямар нөөц, чадамж байгааг олж харснаас гадна өөртөө илүү итгэлтэй болсон. Бусдаас дутаад байх зүйлгүй. Хүн бүрт боломж бий, түүнийгээ ашиглахын тулд хичээж, шаргуу хөдөлмөрлөх ёстой.
Медалийн төлөөх тоглолтод хожигдчихвол яана аа гэсэн айдас надад байсан. Багш нарыгаа, хамт олноо гээд олон хүнийг бодсон. Тэгээд тоглолтын цаг дуусах мөчид баярласан ч сэтгэл хөдлөлөө аль болох дарахыг хичээсэн. Баярлах болоогүй, цаашид даваанууд байгаа шүү гэж өөртөө хэлсэн. Цаашид олимпт өрсөлдөж, медальд хүрэхийн төлөө хөдөлмөрлөнө.
Хүрэл медалийн төлөөх тоглолтыг шавийнхаа дээлийн захыг мушгин байж үзсэн нь лавтай?
А.Г: -Тэгэлгүй яах вэ. Урд өдөр нь нойр хулжаад, өрсөлдөгч тамирчныг нь бодож хоносон. Хүрэл медалийн тоглолтыг зурагтаар сэтгэл догдлон босож, суун байж л үзсэн. Сандраад болдоггүй бүр. Эхний үед 5 оноо алдахад би ч дагаад хямарчихсан гэж жигтэйхэн. Хол байгаа хүн намайг сонсохгүй ч гэсэн одоо тэг, ингэж ажилла гэх үг өөрийн эрхгүй л гардаг юм билээ. Амны билэг гэдгээр яг санасан тоглолтыг минь гаргасан. Манай гэрийнхэн ч гараа атгаж, алгаа хавсраад л үзэцгээсэн. Хүмүүс утас цохиж баяр хүргээд л байв. Багш хүн гэдэг байнгын түгшилттэй, юм бодоостой л явдаг юм байна. Тэмцээн уралдаан дууссан цагт л амьсгаа авахтайгаа болж, сэтгэл арай нэг өег болдог.
Боксын спорт таны амьдралд хэрхэн нөлөөлсөн бэ?
М.Э: -Энэ спортоор хичээллээд бусдыг хүндлэх, биеэ зөв авч явахаас гадна маш их тэсвэр, тэвчээр хатуужлыг олж авсан. Хувь хүний зан төлөв, төлөвшилд чухал ач холбогдолтой. Манай багш л гэхэд бэлтгэлээс гадна зөв хүн байх тал дээр сайн ажилладаг. Сайн зааж, зөвлөдөг. Ар гэрийн тодорхой асуудлуудыг ч шийдэж өгдөг.
Энэ амжилтын ард Алдар спорт хороо, 065 дугаар анги гээд олон автор бий нь мэдээж...
А.Г: -Тэгэлгүй яах вэ. Алдар спорт хорооны удирдлага бүх талаар дэмждэг. Спортын амжилт гэдэг олон хүний хүч хөдөлмөр дээр тогтдог шүү дээ. Спорт хорооны болон Зэвсэгт хүчний 065 дугаар ангийн удирдлага, хамт олонд бэлтгэл хийх нөхцөл боломжоор хангахаас гадна сэтгэл зүйн гээд олон талын дэмжлэг үзүүлж байгаад талархал илэрхийлье. Сэтгэл зүйн бэлтгэл сайтар хангагдвал амжилтын үндэс болно. Ардаа байгаа хүмүүс хэдий чинээ дэмжинэ тамирчны сэтгэл зүй ч нэлээд өргөгддөг. Олон хүний итгэлийг алдахгүй юм сан гэсэн бодол хүнийг сайн усалдаг юм билээ. Багш ч тэр, тамирчин хүнийхээ хувьд ч үүнийг өнгөрсөн он жилүүдэд ойлгож, мэдэрсэн. Энэ спорт хороотой балчир насандаа хувь тохиолоор холбогдож, тамирчнаас, багш дасгалжуулагч хүртэл явж байна.
Дасгалжуулагч болох замыг Ш.Магван багш нээж өгсөн. Өнөөдөр шавь нарынхаа гаргасан амжилтаас бидний залгамж чанар ямар хэмжээнд хүрснийг харлаа.
М.Э: -Тиймээ, “Алдар” спорт хороо, Зэвсэгт хүчний 065 дугаар ангиар овоглодгоороо баярладаг, бахархдаг. Амжилтын минь салшгүй нэг хэсэг бол энэ. Яг энэ цаг мөчид баярлаж талархсанаа дахин илэрхийлье.
Бэлтгэл сургалтынхаа явцад юунд голчилж анхаардаг талаар мэдээлэл өгөхгүй юу?
А.Г: -Тамирчдаа хүүхэд байхаас нь л авч бэлтгэж, зааж сургасан болохоор цаг ямагт өсөж хөгжиж байгааг нь харахыг л хүсдэг. Өшөө дээш нь дэвшүүлэх сэн гэж боддог юм. Суурь, өгөгдөхүүн, техникээ багаасаа зөв сурчихвал амжилт өөд хөтлөгдөнө. Үүнд голчилж анхаардаг, шавь нар маань ч ойлгодог. Тэгээд олон удаагийн тэмцээнээс арга туршлага нь улам зузаарна. Манай тамирчдын мэргэжлийн түвшинд дэлхийд өрсөлдөх чадвар жилээс жилд нэмэгдэж байгааг хэлэх нь зүйтэй.
М.Энхжаргалын маань хувьд өөрийгөө дайчилж хурцалдаг, богино хугацаанд сэтгэдэг чадвар нь өнөөдөр амжилтад хүргэлээ. Мэргэжлийнхээ талын зүйлсийг сайн сурчихсан, надаар хэлүүлэх шаардлагагүй болохоор тархиа сайн амраагаарай, зөвхөн тэмцээндээ л анхаарлаа хандуулаарай гэж захиж байсан.
Одоо хамгийн ойрын зорилт юу вэ?
М.Э: -Ирэх 9 дүгээр сард Азийн наадам зохион байгуулагдана. Олимпын эрх авахад энэ тэмцээн маш чухал үүрэг гүйцэтгэнэ. Ялгаатай нь Азийн наадмын хувьд дэлхийн аваргын тэмцээн шиг олон жинд өрсөлдөхгүй. 51, 54, 64, 69, 75кг гэсэн үндсэн таван жин байгаа. Өөрөөр хэлбэл олимпын жингээр явагдана гэсэн үг. Тамирчин хүн бүрийн хэтийн зорилго нь олимп шүү дээ. Тэгэхээр энэ Азийн наадам нэн хариуцлагатай тэмцээн.
Дасгалжуулагчийн хувьд юунд анхаарах вэ?
А.Г: -Энэ удаагийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс олж авсан туршлага их хэрэг болно. Эцсийг нь үздэг энэ тууштай чанараа алдахгүй байх нь чухал. Үүнийгээ ч М.Энхжаргал батлан харууллаа. Техник, тактикаа сайжруулаад илүү нухацтай, дайчин зоримог үзнэ дээ, бид. Олимпоос медаль авах боломжтой гэдгийг шавь маань сая хангалттай мэдэрсэн гэж ойлгож байна.
Ярилцсанд баярлалаа.
Ахлах дэслэгч Ц.ЭНХ-ОРГИЛ