2023 оны хэрэглэлтэй пауэрлифтингийн XVII улсын аварга шалгаруулах тэмцээн Хангарди паласт эхэллээ. Орон нутагт анх удаа зохион байгуулж буй энэ удаагийн улсын аварга шалгаруулах тэмцээнд 10 аймаг 20 спорт клубын 190 гаруй тамирчин хурд, хүч, тэвчээр хатуужлаа сорьж байна. Азийн аваргаас медаль хүртсэн 60 тамирчин, дэлхийн аваргаас медаль хүртсэн 20 гаруй тамирчин оролцож байгаа нь энэ удаагийн улсын аварга шалгаруулах тэмцээний чансааг илтгэж байгааг албаныхан онцолж байв.
Тэмцээний нээлтийн үйл ажиллагаанд УИХ-ын гишүүн Д.Батлут, УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн, аймгийн Засаг дарга С.Батжаргал, Засаг даргын орлогч, зохион байгуулах ажлын хэсгийн дарга А.Түвшинжаргал, Монголын Пауэрлифтингийн холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Баттулга, Рио 2016” пара олимпийн хүрэл, “Токио 2020” пара олимпийн алтан медальт Монгол Улсын хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Э.Содномпэлжээ болон бусад албаны хүмүүс оролцлоо.
Засаг дарга С.Батжаргал “Эрдэнэт хотын дэвжээ ээлтэй байж, тамирчин бүр амжилтаа ахиулсан, өөрөө өөртөө ялагч болсон, бяр хүч, тэсвэр хатуужлын гайхамшгийг харуулсан, чансаа өндөр тэмцээн байх болно гэдэгт итгэлтэй байна. Нийт баг тамирчдад амжилт хүсье” гэлээ.
XVII улсын аварга шалгаруулах тэмцээн олон улсын пауэрлифтингийн тэмцээний /IPF/ дүрмээр явагдах бөгөөд эрэгтэй, өсвөрийн, залуучууд, насанд хүрэгчид болон мастер 1, 2, 3 ангиллаар, эмэгтэй өсвөрийн, насанд хүрэгчдийн, мастер 1 ангилал хэвтээ босоо түлхэлттэй 3 төрлөөр явагдана. Пауэрлифтингийг хүч чадлын спорт гэдэг. Штангтай суулт, цээжнээс шахалт, үндсэн таталт гэсэн өргөлтөөр тус тус гурван удаагын оролдлогоор хамгийн хүнд жинг өргөх тэмцээн юм.
Пауэрлифтинг хэрэглэлтэй буюу нэмэлт хувцастай, хэрэглэлгүй буюу классик төрөлтэй гэж хоёр ангилдаг. Нэмэлт хувцас хэрэглэлтэй нь хүнд жингийн буюу даацын штангийг авахын тулд зориулалтын цамц, суултын комбинзон, таталтын комбинзон зэргийг өмсгөж тамирчныг бэртэл гэмтлээс сэргийлдэг юм.
Сүүлийн жилүүдэд эл спортоор хичээллэгсдийн сонирхол нэмэгдэж Монгол Улс олон улсын тэмцээнд чансаа өндөртэй оролцож байгаа. Тэр дундаа Орхон аймгийн тамирчид Азийн аварга, дэлхийн аваргаас олон медаль хүртхийн зэрэгцээ улсын олон рекордыг эзэмшдэг хэмээн Монголын Пауэрлифтингийн холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Баттулга хэлсэн.
Орхон аймгийн пауэрлифтингийн тамирчид 2022 онд тив дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс нийт 23 медаль хүртсэн. Тэдгээрээс дурьдвал, Мастеруудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээний алт, мөнгөн медальт Олон улсын хэмжээний мастер н.Пэрэнлэй, дэлхийн аварга шалгаруулах тэмцээний мөнгөн медальт, Олон улсын хэмжээний мастер н. Ууганбаяр, мөн “Рио 2016” пара олимпийн хүрэл, “Токио 2020” пара олимпийн алтан медальт Монгол Улсын хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Э. Содномпэлжээ нар Орхончууд төдийгүй Монгол түмэн бахархам амжилтыг үзүүлсэн билээ.
Орхон аймаг спортын чиг хандлага, хүн амын хэрэгцээнд нийцүүлэн олон талт, тэгш, хүртээмжтэй, чанартай үйлчилгээг хэрэгжүүлэх замаар бие бялдрын боловсролтой, ёс суртахууны төлөвшилтэй, эрүүл чийрэг иргэнийг төлөвшүүлэх зорилгоор спортын олон төрлийн уралдаан тэмцээнүүдийг амжилттай зохион байгуулж байгаагийн нэг нь 2023 оны хэрэглэлтэй пауэрлифтингийн XVII улсын аварга шалгаруулах тэмцээн юм.
Орхон аймгийн удирдлагууд биеийн тамирыг эрүүл, идэвхтэй амьдралын хэв маяг, аж төрөх ёсны салшгүй нэг хэсэг болгож, зөв дадал хэвшилтэй иргэн, гэр бүлийг дэмжих, мэргэжлийн спорт баг тамирчдын амжилтыг нэмэгдүүлэхээр олон талт арга хэмжээг төлөвлөн хэрэгжүүлж байна.
Манай аймгийн хэмжээнд 13 фитнес клуб тогтмол үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд үүнд нийт 44 мянга гаруй иргэн хичээллэдэг статистик тоо бий.
Тэмцээнийг аймаг орон нутгаас дэмжин Монголын пауэрлифтингийн нэгдсэн холбоо, Орхон аймгийн пауэрлифтингийн нэгдсэн холбоодтой хамтран зохион байгуулж байна.