ОХУ-ын Улаан-Үд хотод болж буй “Байгаль Опен” олон улсын тэмцээний 61 кг-ын жинд “Будапешт-2018” ДАШТ-ий хүрэл медальт, 2014 оны оюутны дэлхийн аварга, Азийн АШТ-ий хошой хүрэл медальт ОУХМ Түмэнбилэгийн Түвшинтулга мөнгөн медаль хүртлээ. Тэрбээр өнөөдөр “Сингапур-2010” залуучуудын олимпын аварга, эзэн орны бөх Алдар Бальжиннимаевыг 2:0-ээр ялж яваад гартаа бэртэл авч эмчийн магадалгаагаар цаашид барилдах боломжгүй болсон.
Т.Түвшинтулга 2019 онд Улаан-Үдээс үзүүрлэж байсан бөгөөд дөрвөн жилийн өмнөх медалиа ихэрлүүлэв. Ийнхүү Буриадын Ерөнхийлөгчийн нэрэмжит цом буюу XXV удаагийн “Байгаль Опен” тэмцээнд манай улсаас 43 тамирчин зодоглосноос 1 алт, 3 мөнгө, 1 хүрэл медальтай эх орондоо ирэхээр боллоо.