Гэрэл зургийг Н.Галбадрал
“Киев-1983”, “Будапешт-1985” насанд хүрэгчдийн ДАШТ-ий хошой мөнгөн медальт, “Шинэ Дели-1982” Азийн наадмын аварга, “Скопье-2018” мастеруудын дэлхийн аварга, Монгол Улсын гавьяат тамирчин Буяндэлгэрийн Болдын нэрэмжит чөлөөт бөхийн мастеруудын Улсын аварга шалгаруулах нээлттэй тэмцээн өнөөдөр Спортын төв ордны “А” зааланд эхэллээ. Тэмцээний нээлтийн ёслолын ажиллагаанд МҮОХ-ны дэд ерөнхийлөгч Ч.Наранбаатар, ардын багш, гавьяат тамирчин Ч.Дамдиншарав, ардын багш, гавьяат дасгалжуулагч Н.Намшир, Монголын чөлөөт бөхийн мастеруудын холбооны ерөнхийлөгч гавьяат тамирчин А.Сүхбат, “Будапешт-1986” ДАШТ-ий мөнгө, “Будапешт-1985” ДАШТ-ий хүрэл медальт гавьяат тамирчин А.Энхээ, “Скопье-1979” ДАШТ-ий хүрэл медальт, гавьяат тамирчин Н.Бүргэдаа, гавьяат тамирчин О.Бахыт, гавьяат тамирчин Г.Өсөхбаяр, Ло.Энхбаяр, Ц.Баярсайхан, чөлөөт бөхийн ОУХМ, гавьяат дасгалжуулагч Б.Санжаа, Ч.Гочоосүрэн, чөлөөт бөхийн ОУХМ Ж.Бор, Б.Баттуяа, Д.Хишигдорж, Ц.Дуламсүрэн, үндэсний шигшээ багийн албаны дарга Б.Билэгт, Азийн чөлөөт бөхийн холбоо болон МЧБХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга П.Буяндэлгэр, гавьяат тамирчин Б.Болдын ээж, ах дүү, гэр бүл, найз нөхөд нь оролцлоо. Нээлтийн үеэр Монголын чөлөөт бөхийн мастеруудын холбооны тугийг Спортын төв ордонд мастеруудын ДАШТ-ий медальт шилдэг тамирчид хүндэтгэлтэйгээр залсан юм. МҮОХ-ноос нэрэмжит тэмцээний эзэн Б.Болдыг дээд шагнал “Алтан очир” одонгоор шагнаснаас гадна МЧБХ, Монголын чөлөөт бөхийн мастеруудын холбооноос хүндэтгэл үзүүлэв.
Зургаа дахь удаагийн мастеруудын Улсын аварга шалгаруулах тэмцээнд Монгол, ОХУ, БНХАУ, Казахстан, Швед гэсэн таван орны бөхчүүд өрсөлдөж байгаа бөгөөд эхний өдөр “A”, “С”, “E” ангиллын медальтнууд тодорно.