Монгол Улсын хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин, даяар дуурсагдах, далай даян дархан аварга Дашдоржийн Цэрэнтогтохын нэрэмжит улсын аварга цолны хүндэтгэлд зориулсан улс, аймгийн алдар цолтой бөхийн барилдаан өнөөдөр /2023.05.06/ Монгол бөхийн өргөөнд боллоо. Барилдаанд улсын гарьд М.Бадарч, улсын заан Б.Бат-Өлзий, М.Лхагвагэрэл, улсын харцага Ш.Уламбаяр, Н.Золбоо, О.Мөнх-Эрдэнэ, Б.Цэдэнсодном, Ш.Пүрэвгарьд, Ц.Мөнхбаяр, Г.Бадрах, Ц.Бямба-Отгон тэргүүтэй 256 бөх хүчийг үзэн барилдав.
Түрүү бөхөөр Завхан аймгийн Яруу сумын харьяат улсын отгон заан Мөнхтөрийн Лхагвагэрэл тодорч, Төв аймгийн Өндөрширээт сумын харьяат улсын начин Доржхандын Хүдэрбулга үзүүрлэлээ. Их шөвөгт Архангай аймгийн Цэнхэр сумын харьяат улсын гарьд М.Бадарч, Архангай аймгийн Хайрхан сумын харьяат улсын харцага О.Мөнх-Эрдэнэ, дунд шөвгийн наймд улсын харцага Б.Цэдэнсодном, Ц.Бямба-Отгон, улсын начин Б.Бадамсүрэн, Д.Лхагвадорж нар шалгарсан.