Дорнод , Хэнтий, Сүхбаатар аймгуудад 2023 оны 05 сарын 19-20 ний өдрүүдэд болсон хүчтэй цасан болон шороон шуурганы улмаас хорогдсон малын сэг зэм устгалын ажлыг эрчимжүүлэх, холбогдох дүрэм журам заавар, стандартыг мөрдүүлэх замаар хэрэгжилтэд хяналт тавих зорилгоор Монгол улсын шадар сайд С.Амарсайханы өгсөн үүрэг даалгаврын дагуу ХХААХҮЯ-ны МААБХЗГ, ОБЕГ, Зоонозын өвчин судлалын үндэсний төв зэрэг мэргэжлийн байгууллагуудаас бүрдсэн 2 баг 2023 оны 5 дугаар сарын 27-ноос Дорнод, Сүхбаатар, Хэнтий, Завхан, Архангай зэрэг аймгуудад ажиллаж байна.
Шуурганд өртсөн айл өрхүүдэд гэр, хүнсний багц олгохоос гадна Хэнтий, Сүхбаатар аймагт малын сэг зэм устгах ажилд зориулж тус бүр 20 тн шатахуун болон халдвар хамгааллын хувцас, Сүхбаатар аймагт ариутгалын автомашин,дугуйт ачигч зэргийг улсын нөөцөөс шийдвэрлээд байна. Устгалыг яаралтай хийснээр бэлчээр, нийтийн эзэмшлийн газар нутаг болон төв, орон нутгийн чанартай замын ойролцоо үхсэн мал, сэг зэм зэргээс байгаль орчин бохирдон, мал амьтны халдварт өвчин дамжин тархах эрсдэл үүсэхээс урьдчилан сэргийлэх ач холбогдолтой. 2023 оны 05 дугаар сарын 31-ны өдрийн байдлаар хорогдсон малын сэг зэм устгалын ажил Хэнтий, Сүхбаатар аймгуудад 50%, Завхан аймаг 74.7%, Архангай аймаг 78% байна.
Ажлын хэсгийн ажиллах хугацаанд сэг зэм устгалын ажлын гүйцэтгэл 9%-иар нэмэгдсэн.
Зарим сумдад газар зүйн байршлын хувьд холбогдох стандарт, зааврыг шаардлага хангахгүй байгаа цэгийг булж, шинээр цэг байгуулах, шаардагдах хүн хүч, тээврийн хэрэгсэл болон бусад зардлыг шийдвэрлэх, орон нутгийн байгууллага, малчдыг өргөнөөр оролцуулах, олон нийтийн санал санаачилгыг өрнүүлэн, төлөвлөсөн хугацаандаа ажиллахыг аймаг, сумын холбогдох мэргэжлийн байгууллагуудад анхаарууллаа.