Ардын хувьсгалын 102 жил, Сэлэнгэ аймаг үүсэн байгуулагдсаны 92 жилийн ойн баяр наадам 07 дугаар сарын 10, 11-ны өдрүүдэд зохион байгуулагдана.
Хувьсгалын өлгий, амуу буудай халиурсан атрын анхдагч Сэлэнгэ нутгийн энэ жилийн баяр наадмын ерөнхий найруулагчаар “Сэлэнгийн том Төрөө” буюу МУСТА Б.Баттөр ажиллаж байна. Тэрээр Монголын дуурийн урлагийн алтан үеийнхний ар дээр шил даран гарч ирсэн цөөн уран бүтээлчдийн нэг төдийгүй дуурийн театрын шилдэг баритон хэмээн нэрлэгдэж, алдарт Чайковскийн нэрэмжит дуурийн дуулаачдын олон улсын уралдаанд эх орныхоо нэрийг өндөрт өргөн шилдэг 10 дуучны нэгээр шалгарч байсан дуучин билээ.
Баяр наадмын нээлтийн арга хэмжээг Сэлэнгэ нутгийн онцлогийг тодотгосон, тус нутаг уснаас гаралтай урлаг соёлын алдартнууд, төрийн албан хаагчдыг хамруулсан, үзүүштэй, сонирхолтой өргөн цар хүрээнд зохион байгуулахаар бэлтгэлийг ханган ажиллаж байна.