Цаг үеийн мэдээ

Улс даяараа нүүрсний хулгайг нүдээ хорстол анхааран зэвүүцэж байсан бол төмрийн хулгай түүнээс ч дутахгүй бас нэг хулгай байна. Нүүрсний хулгайг сахалтай сахалгүй олон хүн хийсэн бол төмрийн хулгайг үндсэндээ сахалтай самбаатай ганцхан хүн толгойлон хийсэн нь ХХБ-ны эзэн Д.Эрдэнэбилэг. Эрдэнэтийн 49 хувь, Дарханы төмөрлөгийн, Хөтөлийн цемент шохойн үйлдвэрийг орд газруудтай нь хамт төрийн өөрийнх нь мөнгөөр төрөөс авсан хэргийн хохирол нь 7 их наяд орчим төгрөг болсон байна. Нүүрсний хулгайн 40 их наядаас хойш бүгдээрээ хамтдаа алдсан мөнгө, улсаараа хохирсон хэмжээ огторгуй тэнгэрт хөөрч, од эрхэст хүрчихсэн, тооны машинд багтахгүй том том тоонд нь толгой дүүрч, чих дөжирчхөөд байгаа болохоос бус 7 их наяд төгрөг гэдэг бол Улаанбаатараас Баян-Өлгий хүртэл хос засмал зам тавих, эсвэл 240 хүүхдийн 1500 шинэ цэцэрлэг барих хэмжээний, улсын бүтэн жилийн төсвийн гуравны нэгтэй тэнцэх хөрөнгө мөнгө юм. 

Сахлын үзүүр урт байж, 7 их наядын хохиролтой, бүлэглэн үйлдсэн гэмт хэргийн эзэн Д.Эрдэнэбилэг 3 тэрбум төгрөг шүүхийн барьцаанд тавиад, цагаан сарын үеэр гялс Сингапур явчхаад 14 хоноод буцаад ирье гэсэн өнөөдөр наадам хаяанд тулж байхад ор мөргүй алга болсон байна. Гурван тэрбум төгрөгийн барьцаа эгэл жирийн иргэдийн зүүдэнд ч багтахгүй мөнгө бол 7 их наядынх нь хохирлынх нь ердөө 0,04 хувь нь юм. 7 сая төгрөгийн хохиролтой залилангийн хэрэгтэн яг 3000 мянган төгрөг, нэг талх авч хүрэхгүй мөнгө шүүхийн дансанд мобайлдаж хийчхээд зайлан зугтсан гэсэн үг юм. Харин манай хууль хяналтынхан өөрсдөө гавыг нь авч, хаалгыг нь тайлж, чөдрийг нь мулталж явуулчхаад гол эзэн нь байхгүй байна гээд хэргийг нь буцаасан байна. 

Д.Эрдэнэбилэгийн тамга, гэрчилгээнээс өөр үзүүлж харуулах юмгүй QSC гэдэг гар цүнхэнд багтдаг компани Япончуудын 1994 онд барьж өгсөн Дарханы төмөрлөгийн үйлдвэрийг, төмрийн гурван том ордынх нь хамт концесс нэрээр авч концерт тоглосон хохирол 2,8 их наяд төгрөгт хүрч байна. Өөрөө хөрөнгө оруулж, металлургийн цогцолбор босгоно гэж гэрээ байгуулсан ч хүдэртээ тохирдоггүй, технологи нь таардаггүй, тууз хайчилснаас хойших 80 сарын 60 сард нь эвдэрч хэмхрээд хэвтсэн үзүүлэнгийн хэдэн төхөөрөмж тавьчхаад, 8 жилийн туршид Төмөртолгойн ордыг ёроолд нь хүртэл ухаж, 25 сая тонны нөөцөөс нь 80 гаруй хувийг ховх сорсон байна. Төмөртэйн ордын бол өрмийг нь сорчлон хамж, өдөр шөнөгүй 24 цагаар Хятад руу зөөн зарсан байна. Төмөрлөгийн үйлдвэр бариагүй, төмрийн хүдрийн наймаа л хийж 1,8 их наяд төгрөг олсон ч улсад 353 тэрбум төгрөгийн татвар, нийтдээ 850 орчмын өр үлдээж, өтөнд бариулсан. Өөрөө бол Сэнгээ хотод сахлаа савандаад сууж байна. Төр үндэсний хөрөнгө оруулагчаа хөөж явуулчхаад, өөрсдөө бидний байгуулсан баяжуулах үйлдвэрийг ажиллуулж чадахгүй байна гэж суртал ухуулга явуулдаг. Гэтэл тэр нойтон баяжуулах үйлдвэр гэгч нь айлын тоос сорогч, индүүний баталгаат хугацаанд хүрэхгүй хэмхрээд,  Alibaba.com худалдааны сайтад бэлэн байж байдаг алаг цоог, алиа марзан эртний олдвор шиг тоосонд дарагдсан хэлхээ сэг үлдсэн байна.  

QSC үндэсний хөрөнгө оруулагч уу, үндэсний хөрөнгө олзворлогч уу? Д.Эрдэнэбилэгийн хувийнх нь банкнуудаас зээл авдаг, мөнгө нь бол QSC-д ордог, харин хүү, төлбөрийг нь Дарханы төмөрлөгийн үйлдвэр хариуцдаг, газар, төмрийн хүдрийн баяжмал, оффис, машин техник, бүр ирээдүйн орлого нь барьцаалагддаг. Д.Эрдэнэбилэгийн хувийн банкнаас Дарханы төмөрлөгийн үйлдвэр зээлдсэн 15 сая долларыг төрсөн эгч Д.Оюуных нь ШУА-аас ч оюунлаг сүртэй нэртэй “Төмөр замын зураг төслийн институт” авч, 400 вагон оруулж ирэн түрээслүүлж байсан гэх зэрэг гажиг сонин баримтууд ч сөхөгдөж байна. Таны өмчийг барьцаалж, Таны нэрээр зээлдэж авсан машиныг Танд түрээслүүлнэ гэвэл Танд ямар санагдах уу? Яг тийм л юм болсон байна. Машин биш вагон, нэг биш 400, 15 сая төгрөг биш 15 сая долларын асуудал шүү дээ. Нүүрсний хулгай гэдэг шиг төмрийн хулгай толгой тархинд багтахааргүй том хохиролтой, хачин жигтэй учир Хонх нэвтрүүлгээр тусад нь хөндөх болно.

Таны сурталчилгаа