Зарим төрийн өмчит компани, үйлдвэрийн газрын сүүлийн 10 жилийн санхүүгийн үзүүлэлт, өнөөгийн нөхцөл байдал, үйл ажиллагаа, ирэх гурван жилийн зорилтын талаар Засгийн газрын хуралдаанд танилцууллаа.
Засгийн газрын өнөөдрийн хуралдаанд 2023 оны жилийн эцсийн аудитлагдсан санхүүгийн тайлан болон 2024 оны гүйцэтгэлээр ашигтай ажиллаж буй “Эрдэнэс Тавантолгой” ХК, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ, “Монголросцветмет” ТӨҮГ, “МИАТ” ТӨХК, “Төрийн банк” ХК-уудын үйл ажиллагааны талаар танилцуулжээ.
Уул уурхай, иргэний агаарын тээвэр, банк санхүүгийн салбарын эдгээр таван компани, үйлдвэрийн газар 2023 оны жилийн эцсийн аудитлагдсан санхүүгийн тайлангаар нийт 15 их наяд 304 тэрбум төгрөгийн орлого олж, есөн их наяд 247 тэрбум төгрөгийн зардал гарган дөрвөн их наяд 504 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажиллажээ.
Төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой нийт 122 компани, үйлдвэрийн газар эрчим хүч, зам, тээвэр, уул уурхай, банк санхүү, мэдээлэл, харилцаа холбоо, хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэр, барилга хот байгуулалт, байгаль орчин, аялал жуулчлал, спорт, соёл урлаг, гадаад харилцаа зэрэг салбарт үйл ажиллагаа явуулж, 60 орчим мянган хүн ажиллаж байна.
Эдгээр компани, үйлдвэрийн газар 2023 оны санхүүгийн аудитлагдсан тайлангаар нийт 64 их наяд 200 тэрбум төгрөгийн нийт хөрөнгө эзэмшиж, 23 их наяд 617 тэрбум төгрөгийн орлого олж, 16 их наяд 912 тэрбум төгрөгийн зардал гарган, дөрвөн их наяд 983 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажилласан.
Нэгдсэн дүнгээр таван их наяд шахуу төгрөгийн цэвэр ашигтай ажилласан хэдий ч нийт цэвэр ашгийн дүнгийн 4.75 их наяд төгрөгийг “Эрдэнэс Тавантолгой”, “Эрдэнэт үйлдвэр”, “Эрдэнэс Монгол”, “Хөдөө аж ахуйн корпорац”, “Төрийн банк” зэрэг таван компани, үйлдвэрийн газар, 380 тэрбумыг нь бусад 51 компани, үйлдвэрийн газрууд бүрдүүлжээ. 43 компани, үйлдвэрийн газар алдагдалтай ажиллаж, алдагдлын нийт дүн 150 тэрбум төгрөг байна.
Засгийн газраас Төрийн өмчит компани, үйлдвэрийн газруудын үйл ажиллагааг сайжруулах зорилгоор эрхзүйн шинэчлэлийг эхлүүлсэн. Тухайлбал, Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хууль батлагдсантай холбогдуулан Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуульд Төрийн өмчит компани, үйлдвэрийн газар үйл ажиллагаагаа ил тод, нээлттэй, бүтээмжтэй, үр өгөөжтэй явуулах тодорхой зохицуулалтуудыг тусгасан. Мөн төрийн болон орон нутгийн өмчит компанийн тухай анхдагч хуулийн төслийг боловсруулаад байна.