Цаг үеийн мэдээ

Монголчууд эрт дээр үеэс бага насны хүүхдийнхээ сэвлэгийг үргээдэг ёс заншилтай байсан бөгөөд одоо ч энэхүү уламжлалаа хадгалсаар ирсэн.  Хүүхдийн даахийг бүрэн хэлд орсон үед буюу "ЧУЛУУ" хэмээн бүтэн хэлж чаддаг болсон үед ивээл жил дээр авдаг. Эрэгтэй хүүхдийн үсийг сондгой, эмэгтэй хүүхдийн үсийг тэгш настайд нь авдаг.  Энэ нь сондгой тоог арга, тэгш тоог билэг гэж бэлэгддэгтэй холбоотой. Мөн хүүхдийн үсийг авахдаа идээ цагаа бэлдэж, тэр тусмаа цагаалаг үзэмтэй аарц, сүүтэй цагаан будаа заавал бэлдсэн байх нь чухал бөгөөд айл хотол, хамаатан садангаараа цугларч, ирсэн бүх зочид цагаалганаас амсаж найрыг эхлүүлдэг байна.

Сэвлэг үргээх ёс нь нарийн нандин ёслолд хамаарах тул найранд архи дарс ордоггүйн гол утга учир шалтгаан нь хүүхдэд байдаг дөрвөн бурханлаг шинж чанарыг хүндэтгэсэнтэй холбоотой. Тэдгээр нь:

1. Бага насны хүүхдэд харамын сэтгэл байхгүй

2. Хураан хуримтлуулах сэтгэл үгүй

3. Бохир заваан гэсэн ойлголт байхгүй

4. Дээр доорын ялгаа гэж алагчиллаггүй

Чухам үүгээрээ нялхсын сэвлэг найр бусад найр, наадмаас ялгаатай ариун ёслол юм. Тиймээс даахь үргээх найранд эхэлж айраг сөн барьж, ерөөлч бэлэг дэмбэрэлтэй үг хэлж ерөөдөг ёстой.

Эхээс төрөөд хүүхдийн толгойд ургасан (нялх) үсийг даахь гэдэг.

Нялх  үсийг авах учир: 

Нялх үсийг авахгүй бол хүүхдийг ууртай, ухаан муутай болно гэж үздэг байжээ. Зарим газар үр хүүхдээ өхөөрдөн бэлэгшээх утгаар эврийг үлдээдэг заншилтай байхад үлдсэн зарим нь эвэр тавихыг дурын асуудал гэж үздэг.

Эвэр тавих ёсон: 

Унаган сэвлэгийг үргээхдээ эвэр тавьж ирсэн заншилтай. Газар газрын ёс заншил өөр өөр байдагтай нэгэн адил эвэр тавихад ч бас тус тусын утгатай. Хүүхдийн эврийг газар газарт өөр өөрөөр нэрлэдэг. Эвэр гэдэг нь хүүхдийн толгойн оройн хоёр талд хуруу дарам хэмжээний газар унаган үсийг гар хүргэлгүй орхисныг хэлдэг. Үүнийг монголын баруун аймгуудад эмэгтэй хүүхдийнхийг сонжуу, эрэгтэй хүүхдийн духан дээр гурван хуруу дарам үс үлдээснийг согсоо гэдэг. Ингэж үс үлдээдгийн учрыг дараахь байдлаар тайлбарладаг.

Хүүхдийн үс (даахь) авах үед байх ёстой юмуу ирэх ёстой хүн нь байгаагүй бол тэднийг хүлээж үс (эвэр) үлдээдэг.

Энхрий (охин) хүүхдийн даахийг 7 юмуу 9 насанд нь зөвхөн засах маягтай дөнгөж хүрдэг байжээ. Тухайн айл ууган хүүхдийн даахийг хэдэн насан дээр нь авна вэ? дараагийн хүүхдийнхээ даахийг тэр насан дээр нь авдаг ёсон одоо ч бий.

Хүүхдийн даахь үргээх сар, өдрийн сайныг сонгоно. Энэ өдөр хүүхдийн ах дүү, төрөл төрөгсөд болон хүндтэй хүмүүс, улмаар сэвлэгийг нь үргээх хүүхдийн ивээл жилтэй хүнийг урина. Харин зарим нутагт дөрөв дэх өдөр хүүхдийн даахийг авдаггүй байсан байжээ. Учир нь энэ өдрийг хүний хишиг өдөр гэж үздэгтэй холбоотой гэдэг.

Хүүхдийн даахь үргээхэд сайн өдрүүд:

Шинийн гурван – Эд мал баялаг төгөлдөр болно.

Шинийн дөрвөн – Бие эрхтний хүч сайжирна.

Шинийн таван – Эд мал арвижна.

Шинийн зургаан – Өнгө зүс сайжирна.

Шинийн найман – Урт насална.

Шинийн арван – Эрч хүч сайжирна.

Шинийн арван нэгэн – Ухаан хурц болно.

Шинийн арван гурван – Жаргал ирнэ.

Шинийн арван дөрвөн – Эд мал арвижна

Шинийн арван таван – Өлзийтэй сайн

Шинийн арван есөн – Сайн нөхөртэй нөхөрлөнө.

Шинийн хорин хоёрон – Идээ ундаа элбэг олдоно.

Шинийн хорин гурван – Эд эдлэл олдоно.

Шинийн хорин зургаан – Жаргал үргэлжид ирнэ.

Шинийн хорин долоон – Өлзийтэй сайн

 

Таны сурталчилгаа