Цаг үеийн мэдээ

Тулгар төрийн 2232, Их Монгол Улс байгуулагдсаны 817, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 112, Ардын хувьсгалын 102 жилийн ой, Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдаан боллоо. 

Улсын арслан Ц.Содномдорж долоогийн даваанд Даян аварга Н.Батсуурьтай цагийн хугацаанд барилдаж, хэн нь ч даваагүй учраас Хөлийн цэцийн шийдвэр гарч барилдааны үндсэн цаг дууссан тул дүрмийн дагуу хөлийн цэцээс улсын даян аварга Н.Батсуурийг идэвхтэй барилдсан гэх үндэслэлээр санал нэгтэй давсанд тооцсон юм. Энэ нь үзэгч олны шүүмжийг дагуулаад буй. 

Тухайн асуудлаар МҮБХ-ны Тэргүүн Ц.Магалжаваас тодрууллаа. 

МҮБХ-ны Тэргүүн Ц.Магалжав: "Үндэсний их баяр наадмыг Үндэсний бөхийн салбар хороо, баяр наадмыг зохион байгуулах хороонууд хамтарч зохион байгуулдаг. Манай холбооноос ийм асуудал үүснэ гэдгийг анхааруулж хэлсэн. Мөн төрийн гурван өндөрлөгт хүртэл хандаж байсан. Энэ дүрмийн өөрчлөлт бол анхаарах ёстой зүйл. Өнөөдөр 2,3 бөх хасагдсан ч цаагуураа Монгол наадам, өв уламжлал, өв соёл гэдэг зүйлд сөрөг нөлөө болохоор зүйл юм. Тиймээс МҮБХ-ноос энэ дүрмийг өөрчлөх саналыг Монгол Улсын засгийн газарт тавина. МҮБХ нэгдүгээрт бөхийнхөө эрх ашгийг хамгаална. Үүндээ бөхийн цолонд ямар нэгэн хүндрэл учруулахгүйгээр шийдэж ажиллана" гэв.

Таны сурталчилгаа