Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан ЦЕГ-ын дэд дарга О.Ганбат, Мэдээлэл, шуурхай удирдлагын төвийн дарга П.Энхбаяр нарын албаны хүмүүсийг хүлээн авч, “Яаралтай тусламжийн чанар хүртээмжийг нэмэгдүүлэх талаар авах арга хэмжээний тухай” Засгийн газрын тогтоолын төслийн талаар санал солилцлоо. Уг тогтоолын хүрээнд яаралтай тусламжийн тусгай дугааруудыг нэг дугаарт шилжүүлэхээр ажиллаж байгаа юм.
Мэдээлэл, шуурхай удирдлагын төвийн технологийн тасгийн дарга Г.Баярдаваагийн өгсөн мэдээллээр, яаралтай тусламжийн тусгай дугааруудыг ашиглахад хэд хэдэн хүндрэл, дутагдал гарч байна. Тухайлбал, IPhone загварын iOS 15 буюу түүнээс дээш үйлдлийн системтэй гар утас, зарим Samsung фирмийн утаснаас тусгай дугаарт залгахад оператораасаа хамаараад “Таны залгасан дугаар ашиглалтад байхгүй байна” гэх хариу өгөх, БНХАУ-д үйлдвэрлэсэн зарим гар утаснаас залгахад шууд тасрах, Ондо компанийн “E сим”-тэй хэрэглэгчид биет симтэй дугаараасаа залгахад автоматаар шилждэг зэрэг алдаа, дутагдлууд илэрчээ.
Түүнчлэн Мэдээлэл, шуурхай удирдлагын төв нь Улаанбаатар хотын иргэдээс дуудлага, мессеж, дүрст дуудлага, байршил зэрэг олон төрлөөр мэдээлэл хүлээж авдаг бол орон нутгийн иргэдээс зөвхөн аналоги системээр дуудлага авч байгаа нь тусламж авахад хүндрэл чирэгдэл учруулж байгаа аж. Тиймээс ойрын хугацаанд тусгай дугааруудыг нэг дугаарт буюу 112 дугаарт шилжүүлж, тусламж авах сувгийг нэмэх шаардлагатай байгааг дуулгалаа. Шинэчлэлийн хүрээнд дуудлага авах сувгийг төрөл бүрээр нэмэгдүүлж, камерын нэгдсэн системд холбогдож, орон нутгийн дуудлагыг тухай аймаг, сумдын төвтэй холбох байдлаар зохицуулахаар төлөвлөсөн байна.
Энэ үеэр Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан “Энэ бол маш чухал асуудал. Манай улс ойрын хугацаанд шийдэх ёстой. Гэхдээ яаралтай тусламжийн тусгай дугаарууд нэг дугаарт шилжээд бүх асуудал шийдэгдчихгүй. Энд зохион байгуулалт дээр нэлээд өөрчлөлт хийх шаардлага гарна. Олон улсад түргэн тусламж, онцгой, цагдаа гурав нь нэг газраас ирдэг. Манайд энэ тогтолцоо одоогоор бүрдээгүй байна. Хотын хэмжээнд ганц нэг дуудлагаар шийдэж болох ч орон нутагт хэрэв зам тээврийн осол гарлаа гэхэд төвөөс нэгдсэн байдлаар удирдлага зохион байгуулалтаар нь хангаж байж богино хугацаанд яаралтай тусламж авах боломж бүрдэнэ. Ер нь асуудлыг эхнээс нь зөв байгуулалттайгаар хийвэл төсвийн үргүй зардал гарахгүй” хэмээн онцоллоо.
Уулзалтын төгсгөлд Хууль зүй, дотоод хэргийн сайд, Шадар сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан Ажлын хэсэг байгуулах санал гаргаж, хамтарч ажиллахаар тохиролцов.