АНУ-ын ерөнхийлөгчийн сонгууль болоход зургаан долоо хоногийн хугацаа үлдээд буй энэ үед гурван муж улсад баасан гаргаас урьдчилсан санал хураалт эхэллээ.
Тодруулбал, Виржиниа, Миннесота, Өмнөд Дакота муж улсуудад урьдчилан санал авах байрууд нээгдсэн байна. Виржиниад санал хураалт эхлэхтэй зэрэгцэн олон сонгогч саналаа өгөхөөр дугаарлан зогсож байгаа нь харагджээ. Ирэх 10 дугаар сарын дундуур дахин арав орчим муж улсад урьдчилсан санал хураалт эхлэх юм.
Бүгд найрамдах намаас нэр дэвшигч, Ерөнхийлөгч асан Дональд Трамп болон Ардчилсан намаас нэр дэвшигч, дэд Ерөнхийлөгч Камала Харрис нар сонгуулийн өдөр ойртож байгаатай холбогдуулан дэмжигчдийн тоогоо нэмэгдүүлэхийн тулд сонгуулийн кампанит ажлын цуглаан, бусад үйл ажиллагаагаа эрчимжүүлж байна.
“RealClearPolitics” улс төрийн судалгааний төвийн эмхэтгэсэн санал асуулгуудын дүнгээс үзэхэд, есдүгээр сарын 19-ний байдлаар К.Харрисыг сонгогчдын 49.3 хувь нь дэмжиж байгаа бол Д.Трамп 47.4 хувийн дэмжлэг авчээ.