Боловсролын ерөнхий газар болон Япон улсын Осака хотын Сургуулийн шүдний эмч нарын холбоо хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа.
Монгол Улсын холбогдох хууль тогтоомж, журмыг үндэслэн төр олон улсын байгууллагын хамтын ажиллагааг бэхжүүлэх замаар ерөнхий боловсролын сургуулийн суралцагчийн амны хөндийн эрүүл мэндийг дэмжих, эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэх, шүд зөв угаах дадал хэвшилд сургах, шүдний өвчлөлөөс урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх, орчин бүрдүүлэхэд хүүхэд, эцэг эх, асран хамгаалагч, багш нарын оролцоог дэмжих, харилцан суралцах, туршлага солилцох замаар талуудын хамтын ажиллагааг өргөжүүлэхэд уг санамж бичгийн гол зорилго оршино.
Хамтын ажиллагааны хүрээнд ЕБС-ийн хүүхдүүдийн шүдийг эмчийн үзлэгт оруулах замаар "Шүд, амны хөндийн хяналтын карт"-ыг ашиглаж картын шинжилгээний үр дүнг хэлэлцэж дүгнэх, Хүүхэд, эцэг эх, асран хамгаалагчдад зориулсан шүд, амны хөндийн өвчнөөс урьдчилан сэргийлэх зөвлөмж, гарын авлага боловсруулж хүргэхэд дэмжлэг үзүүлэх, Сургуулийн эмч нарын шүд, амны хөндийн эрүүл мэндийн талаарх мэдлэг, ур чадварыг бэхжүүлэх, сургуулиудад "Шүд угаах цаг"-ийг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлнэ гэж Боловсролын ерөнхий газраас мэдээллээ.