Цаг үеийн мэдээ

Цэргийн гавьяаны улаан тугийн болон Алтан гадас одонт, хошууч генерал Рашмаагийн Гаваагийн нэрэмжит  Зэвсэгт хүчний 013 дугаар ангийн хугацаат цэргийн алба хаагчдын дунд  Тулгар төрийн 2232, Их монгол улсын 817, Ардын хувьсгалын 102 жилийн ой, Үндэсний их баяр наадмын баяр амралтын өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд энэ сарын 13-ны өдөр бэсрэг наадмыг зохион байгууллаа. 

Бэсрэг наадмыг үндэсний бөхийн барилдаан, Монголын үндэсний сур болон шагайн харваа гэсэн гурван төрлөөр зохион байгууллаа. 

Хүчит бөхийн барилдаанд 32 бөх зодоглож түрүү бөхөөр түрүүч А.Мөнхсүрэн, үзүүр бөхөөр байлдагч А.Бат-Оргил;

Монголын үндэсний сур харвааг Улсын тод харваач ахлах ахлагч Ж.Оюунгэрэл зохион явуулж, нийт 20 хугацаат цэргийн алба хаагч цэц мэргэнээ сорьж тэргүүн байрт ахлах байлдагч Б.Гандөл, дэд байрт дэд түрүүч Э.Анхбаяр;

Монголын үндэсний шагайн харвааг Монгол Улсын мэргэн ахлагч Б.Бямбадорж зохион явуулж нийт 12 хугацаат цэргийн алба хаагчид оролцож тэргүүн байрт байлдагч Х.Дашдооров, дэд байрт түрүүч Б.Эрдэнэбаатар, гутгаар байрт О.Отгонбаяр нар тус тус шалгарлаа. 

Бэсрэг наадамд хугацаат цэргийн алба хаагчдын эцэг эх, ар гэрийн төлөөлөл оролцсон бөгөөд тэд алба хааж буй хүүгээрээ бахархаж, үеийн найзуудтайгаа нэгэн түүхийг хамтдаа бүтээж буйд баяр хүргэж, албаа нэр төртэй хаахыг захилаа.

Таны сурталчилгаа