Цаг үеийн мэдээ

Боловсрол, шинжлэх ухааны яамны захиалгат, Шинжлэх ухаан технологийн сангийн санхүүжилтээр ШУА-ийн Газарзүй, геоэкологийн хүрээлэнгийн Физик газарзүй, орчин судлалын салбарын судлаачид 2023 оны 06-р сарын 10–наас 07-р сарын 01-ний өдрүүдэд “Монгол орны баруун бүсийн ландшафт, геоморфологийн нэгдсэн судалгаа, мэдээллийн сан” сэдэвт суурь судалгааг Mонгол орны баруун бүсийн аймгуудад гүйцэтгээд ирлээ. 

Тус судалгааны зорилго нь өндөр, дунд нарийвчлалтай төрөл бүрийн хиймэл дагуулын цуврал өгөгдлийг машин сургалтын алгоритмуудтай хослуулан нарийвчлал, таарц сайтай ландшафт, геоморфологийн дунд масштабын зургийг боловсруулж, мэдээллийн сан үүсгэх юм.   

May be an image of 4 people and people skeet shooting

Уг судалгааг хийснээр байгаль орчны өнөөгийн төлөв байдлыг үнэлэх, динамик үйл явцыг тодорхойлох, экологийн тэнцвэрт байдлыг хамгаалах зэрэг асуудлуудыг цогцоор шийдвэрлэхэд хувь нэмрээ оруулна. Тухайлбал, Монгол орны уулт системийн томоохон тогтолцоо болох Монгол Алтай, Хангайн уулархаг нутгийн геоморфологи, ландшафт түүнийг бүрэлдүүлэгч байгалийн элементүүдийн төлөв байдал, хүний үйл ажиллагааны нөлөөллийг тусгасан дунд масштабын цуврал зургуудыг орчин үеийн арга зүйд тулгуурлан зохиох нь бусад салбар шинжлэх ухаанд суурь материал болон хэрэглэгдэх ач холбогдолтой юм. 

Хээрийн судалгаагаар ландшафт, геоморфологийн зургийн дотоод хил заагийг нарийвчлан тодорхойлж, шаардлагатай цэгүүдэд бичиглэл хийн дээж авч, хээрийн хэмжилтүүдийг хийлээ. Мөн энэ удаагийн хээрийн судалгаагаар Монгол-Алтай, Говь-Алтай, Хангайн уулс нурууд, тэдгээрийн хоорондох өргөн, нарийн хөндий, томоохон хотгоруудыг агаарын фото зураг болон бичлэгээр баримтжуулж танин мэдэхүйн каталог, мэдээллийн сангийн мэдээ материалуудыг бүрдүүллээ. 

Хээрийн судалгаанд тус хүрээлэнгийн Физик газарзүй, орчин судлалын салбарын дарга докторант С.Нарангэрэл, эрдэм шинжилгээний ахлах ажилтан, доктор Т.Рэнчинмядаг, эрдэм шинжилгээний дэд ажилтан, магистр Б.Баянжаргал, Ц.Батням, Т.Даваагатан, зураглаач Б.Хосбаяр, жолооч С.Батсайхан нар тус тус оролцсноос гадна Говийн их дархан цаазат газрын “А”, “Б” хэсгийн хамгаалалтын захиргаа, Хан Хөхийн нурууны УТХГН-ийн хамгаалалтын захиргааны удирдлага, байгаль хамгаалагч нар дэмжлэг үзүүлж ажиллаа.

Судалгааны баг бүрэлдэхүүн нийт 4 аймаг буюу Говь-Алтай, Ховд, Увс, Завхан аймгийн 30 орчим сумын газар нутагт ажиллаж 7000 орчим км замыг туулан судалгааг амжилттай дуусган иржээ.

Таны сурталчилгаа