Цаг үеийн мэдээ

Ховд аймгийн төв Жаргалант суманд  2023 оны 07 дугаар сарын 14-ний өдөр 16:00-16:40 цагийн хооронд 31.2 мм-ээс дээш хэмжээтэй түр зуурын хүчтэй мөндөр, аадар бороо орж, тус сумын гэр хорооллын зарим айл, өрхүүд усанд автжээ.

Тус аймгийн Цагдаагийн газраас Онцгой байдлын газрын алба хаагчдад дэмжлэг үзүүлэн хамтран ажиллаа.

Үер усны гамшигт үзэгдлийн үеэр хүний амь нас, эрүүл мэндэд хохирол учраагүй байна.

Иргэд Та бүхнийг мэргэжлийн байгууллагаас өгч буй үер ус, тог цахилгааны эрсдлийн талаарх сэрэмжлүүлэг, зөвлөмж, цаг уурын мэдээллийг тогтмол танилцаж, болзошгүй эрсдлээс урьдчилан сэргийлэхийг зөвлөж байна.

ҮЕРИЙН ҮЕД ИРГЭДЭД ӨГӨХ ЗӨВЛӨМЖ

- Хүн бүр хувийн ариун цэврийг сахих, гадуур явахдаа өмссөн гутал, гадуур хувцасаа солих, угааж цэвэрлэх

- Ундны усыг баталгаат газраас авах, заавал буцалгаж хэрэглэх

- Ил задгай булаг шандны ус, гар худгийн усыг хүнсэнд хэрэглэхгүй байх

- Үерийн усаар бохирлогдсон хүнсний бүтээгдэхүүнийг шууд устгах

- Үер болсон талбайд хүүхэд тоглуулахгүй байх, бага насны хүүхдүүдийг хараа хяналтгүй орхихгүй байх

- Аяга, таваг, хоолны хэрэгслийг зориулалтын угаагч бодисоор угаах, эсвэл 2%-ийн содын уусмалаар тогтмол угааж хэрэглэх, битүү шүүгээнд хадгалж ялаа болон бусад шавж бохирдуулахаас сэргийлэх

- Хоол хүнсийг заавал бүрэн болгож, буцалгаж хэрэглэх

- Шууд хэрэглэдэг жимс ногоог сайтар угаах, эсвэл хальсалж идэх

- Хоол бэлтгэх, хоол идэхийн өмнө, бие зассаны дараа, хүүхэд гадаа тоглосны дараа болон бохирлогдсон тухай бүрт гарыг савандаж угаах

- Өдөр тутмын цэвэрлэгээг тогтмол хийх, цэвэрлэгээ хийхдээ бээлий өмсөх, цэвэрлэгээний дараа гарын ариун цэврийг сахих

АНХААР!!!

- Халдваргүйжүүлэх бодисыг хүүхдээс хол байлгах

- Хэт мэдрэг харшилтай бол халдваргүйжүүлэх бодисыг болгоомжтой хэрэглэх

- Халдваргүйжүүлэх бодисыг найруулахдаа үйлдвэрлэгчээс гаргасан зааврын дагуу найруулж хэрэглэх

- Халдваргүйжүүлэлт хийх явцад хамгаалах хувцас хэрэгслүүдийг бүрэн бүтэн байдлыг алдагдуулахгүй байх /амны хаалт, нүүрний хаалт, бээлий зэргийг тайлахгүй, оролдохгүй байх

 

Таны сурталчилгаа