Цаг үеийн мэдээ

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Мөрдөн байцаах албаны Дүн шинжилгээ, үнэлгээ, хяналт шалгалтын хэлтсийн хяналт шалгалт хариуцсан ахлах мөрдөгч, цагдаагийн хурандаа Бямбаагийн Энхбат өнөөдөр /2023.07.15/ Монгол Улсын гавьяат хуульч цол хүртлээ.

Цагдаагийн хурандаа Б.Энхбат нь 1969 оны 10 дугаар сарын 05-ны өдөр Ховд аймгийн Буянт суманд төрсөн. 1987 оны 10 дугаар сард Ардын армийн 133 дугаар цэргийн ангид байлдагчаар татагдаж, хугацаат цэргийн албаа хааснаар цагдаагийн байгууллагатай ажил, амьдралын гараагаа холбосон байна.

Улсад 36 дахь жилдээ ажиллаж байгаа тэрээр цагдаагийн байгууллагад тасралтгүй 32 жил ажиллаж байгаагаас Цагдаагийн ерөнхий газарт дөрвөн жил, Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албанд дөрвөн жил, Мөрдөн байцаах албанд 24 жил ажиллаж байгаа юм. 

Мөн 2003 онд Цагдаагийн ерөнхий газрын анхны сургагч багшаар томилогдон төв, орон нутгийн цагдаагийн газар, хэлтсийн бие бүрэлдэхүүнд болон шинээр цагдаагийн байгууллагад орсон давхардсан тоогоор 80,000 гаруй алба хаагчдад “Гэмт хэрэг, зөрчлийг шалгах хойшлуулшгүй ажиллагаа” сэдвээр гэмт хэрэгтэй тэмцэх, эрэн сурвалжлах ажиллагааг зохион байгуулах мэргэжил арга зүйн сургалтыг зохион байгуулж, алба хаагчдын мэдлэг, ур чадварыг эзэмшүүлэхэд онцгой анхаарч байна. 

Монгол Улсын гавьяат хуульч, цагдаагийн хурандаа Б.Энхбат нь Мөрдөн байцаах албанаас төрсөн 9 дэх “Гавьяат хуульч” юм. 

Таны сурталчилгаа