Цаг үеийн мэдээ

Өмнөд Солонгосын төвийн бүсэд их хэмжээний бороо орж, үер болсны улмаас 22 хүн нас барж, 14 хүн ор сураггүй алга болсон байна. Гурван өдрийн турш их хэмжээний бороо орсны учир олон газар хөрсний нуралт үүсэж, Хойд Чүнчон мужийн далан хальжээ.

Амь насаа алдсан хүмүүсийн ихэнх нь Хойд Кёнсан мужийн уулархаг бүсэд амьдардаг байсан аж. Тус мужийн зарим хэсэгт их хэмжээний хөрс нурсны улмаас бүхэл бүтэн байшингууд дарагдан алга болсон тохиолдлууд гарчээ. Чүнчон дахь Госан далан орон нутгийн цагаар бямба гарагийн (2023.07.15) 06:30 минутад хальж эхэлсэн тул далантай ойролцоо оршин суудаг 6,400 хүнийг нүүлгэн шилжүүлсэн байна.

БНСУ-ын цаг уурын алба ирэх долоо хоногийн лхагва гараг хүртэл хур тунадастай байна гэж мэдээлжээ. Үүний улмаас цаг уурын нөхцөл байдал ноцтой аюултай түвшинд хүрч магадгүй хэмээн тус алба анхааруулсан юм. Өнгөрсөн хоёр долоо хоногийн дотор Энэтхэг, БНХАУ, Япон зэрэг улсуудад хүчтэй аадар бороо орсны улмаас үер бууж, хөрсний гулгалт үүссэн. Олон тооны хүчин зүйл үер буухад оролцдог ч гэсэн цаг уурын өөрчлөлт хүчтэй аадар бороо орох магадлалыг илүү ихэсгэж байна гэдгийг анхааруулж байгаа юм.

Таны сурталчилгаа