Цаг үеийн мэдээ

“Берлин-2023” зуны тусгай олимпод амжилттай оролцсон багш, тамирчдыг Ховд аймгийн ИТХ-ын дарга Г.Пүрэвганди хүлээн авч уулзан, хүндэтгэл үзүүллээ.

“Тусгай олимпын дэлхийн наадам-2023” арга хэмжээ Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын нийслэл Берлин хотноо 2023 оны 6-р сарын 17-25-ны өдрүүдэд зохион байгуулагдсан.

Зуны олимпын наадамд дэлхийн 190 орны 6500 гаруй тамирчин спортын 26 төрлөөр өрсөлдсөнөөс манай улсын баг тамирчид волейбол, сагсан бөмбөг, хөл бөмбөг бадминтон, бочи, жүдо, усан спорт, хөнгөн атлетик, ширээний теннис зэрэг спортын есөн төрөлд амжилттай оролцсон байна.

Тусгай олимпын наадмын эмэгтэй волейболын төрөлд нийт 10 баг оролцсоноос Монгол улсын баг тамирчид “Хүрэл медаль” хүртсэн амжилт үзүүлсэн байна. 

Тус багт Ховд аймгаас Б.Мөнх-Эрдэнэ багштай А.Урангоо, Б.Бадамлянхуа, Б.Амаржаргал нар оролцож хүрэл медаль хүртсэн амжилттай нутагтаа ирээд байна. 

Ховд аймгийн ИТХ-аас “Спортын Аварга” дэд хөтөлбөрийг батлан хэрэгжүүлж байна. Тус хөтөлбөрийн хүрээнд олон улсын тэмцээн уралдаанд амжилттай оролцсон багш, тамирчдад мөнгөн урамшуулал олгох талаар тусгасан байдаг. Энэ хүрээнд “Берлин-2023” зуны тусгай олимпод амжилттай оролцсон багш, тамирчдыг урамшуулахыг аймгийн ИТХ-ын дарга Г.Пүрэвганди холбогдох удирдлагуудад үүрэг болголоо.

Таны сурталчилгаа