Цаг үеийн мэдээ

Улсын баяр наадмын амралт дуусаж намрын ажил эхэлсэн энэ үед Баянзүрх дүүргийн удирдах ажилтнуудын шуурхай хуралдаан боллоо. Хурлыг Баянзүрх дүүргийн Засаг дарга Н.Баярмөнх удирдан явуулж, Засаг даргын тамгын газрын дарга И.Баттөгс болон нийт хорооны засаг дарга, алба хэлтсийн дарга нар оролцсон. 

Хурлаар дүүрэгт хийгдэж буй бүтээн байгуулалтын ажлуудыг хүйтний улирал эхлэхээс өмнө хугацаанд нь чанартай хийж гүйцэтгэхэд хяналт тавьж ажиллахыг нийт албан хаагчдад үүрэг болголоо. Мөн удахгүй болох хичээлийн шинэ жилийн бэлтгэл ажлыг хийж, сургууль, цэцэрлэгийн хүртээмжийг хангах чиглэлээр ажиллахаар боллоо. 

Баянзүрх дүүргийн хэмжээнд хийгдэж буй томоохон төсөл болох Дарь-Эх цогцолборын бүтээн байгуулалттай холбоотойгоор мод тарихыг ойролцоох 2, 5, 21, 27, 31 дүгээр хороо болон хувь хүн, аж ахуйн нэгжүүдийг уриалсан. 

Мөн Баянзүрх дүүргийн Нийгмийн хөгжлийн хэлтсээс орон гэргүй, тэнэмэл, архины хамааралтай иргэд рүү чиглэсэн ажлыг 60 хоногийн хугацаатайгаар энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг Төрийн бус байгууллагуудтай хамтран хийхээр болсон талаараа мэдээлэл өглөө. Ингэхдээ орон нутгийн өмчит “Шижир” амралтад түр хоноглох байрны зориулалтаар 15 гэрийг бэлдсэн аж. Энэ үеэр тухайн тэнэмэл иргэдэд шаардлагатай хувцсыг цуглуулах, хэрэгцээгүй хувцсаа хандивлахыг иргэддээ уриалахыг хорооны Засаг дарга нараас хүссэн юм. 

Мөн Нийслэлийн хэмжээнд үргэлжлэн орсон борооны улмаас үерт автсан хороодод авч хэрэгжүүлсэн арга хэмжээг Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтсийн дарга Н.Билэгсайхан танилцуулсан. Цаашид болзошгүй үер усны гамшгаас урьдчилан сэргийлэх заавар зөвлөмжийг иргэдэд хүргэх, бэлэн байдлаа хангах, эрсдэлийн үнэлгээ хийх ажлын хэсэг ажиллахаар боллоо.

Таны сурталчилгаа