Цаг үеийн мэдээ

Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын нутаг дэвсгэрт орших Хар нуурт түшиглэн усан цахилгаан станц барих ажил олон жил яригдсан том төслүүдийн нэг. 

Тэгвэл Хар нуурыг түшиглэн усан цахилгаан станц барих асуудал дахин яригдаж эхэлсэн ба тус төсөлд хөрөнгө оруулах хүсэлтэй Хятадын хөрөнгө оруулагч СиЖиЖиСи группийн Азийн бүс хариуцсан захирал ноён У Во тэргүүтэй холбогдох хүмүүс манай аймагт ажиллаж байна.

Хар нуур нь 50 метрийн гүнтэй, 360-аад сая шоо метр ус нөөцлөгдсөн байгалийн бэлэн усан сан гэж үздэг.  Хар нуурт түшиглэн усан цахилгаан станц барих ажлын бүх судалгаа шинжилгээ, шаардлагатай тооцооллыг Зөвлөх инженерийн Усны эрчим ХХК гаргасан. Тус компанийн тооцоогоор төслийн нийт өртөг урьдчилсан байдлаар 22.8 сая америк доллар. Хар нуурт түшиглэж байгуулах тус станц нь 18кВт  хүчин чадалтай байх бөгөөд эхний ээлжид Баян-Өлгий аймгийг бүхэлд нь цахилгаанаар хангах боломжтой аж. Цаашлаад өргөтгөл хийснээр баруун таван аймгийг цахилгаанаар хангах боломжтой.

Аймгийн Засаг дарга А.Камелият өнөөдөр /2023.07.18/ Монгол Улсын зөвлөх инженер, Усны эрчим ХХК-ийн ерөнхий захирал Ph.D Б.Дагвадорж, Усны эрчим ХХК-ийн Баян-Өлгий аймаг дахь төлөөлөгч Т.Серикжан болон Хятадын хөрөнгө оруулагч СиЖиЖиСи группийн Азийн бүс хариуцсан захирал ноён У Во тэргүүтэй төлөөллүүдийг хүлээн авч уулзлаа. 

Уулзалтаар талууд Хар нуурт түшиглэж байгуулах усан цахилгаан станцын төслийн талаар мэдээлэл, санал солилцож, аймгийн Засаг дарга Хятадын хөрөнгө оруулагч СиЖиЖиСи групп тус төсөлд хөрөнгө оруулж, уг төслийг хамтран хэрэгжүүлэх хүсэлтэй байгаагаа илэрхийллээ.

Хөрөнгө оруулагч СиЖиЖиСи группийн төлөөллүүд газар дээр нь нөхцөл байдалтай танилцаж, хөрөнгө оруулалтын тооцоо, судалгааг хийх юм.

Таны сурталчилгаа