Цаг үеийн мэдээ

Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр болж, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар Ус сувгийн удирдах газар /УСУГ/-аас цахимаар удирдан зохион байгуулав. 

Сүхбаатар дүүргийн Засаг дарга Х.Болормаа:

Манай дүүргийн хэмжээнд нэг, 15 дугаар хороо өндөр эрсдэлтэй байсан. Дөрвөн хороог хамарсан таван метрийн өргөнтэй 2 км орчим үерийн даланг босгож, 500 өрхийг нүүлгэн шилжүүллээ. Үерийн эрсдэлтэй газар буусан 550 айл байна. Үерийн аманд буусан айлд эзэмших газар олгосон байна. Тодруулбал, өмчлөх гэрчилгээтэй 158, эзэмших гэрчилгээтэй 312 айл, зөвшөөрөлгүй 80 айл бий. СӨХ-г цэгцлэх хэрэгтэй, ажиллах чадамжгүй СӨХ олон байгаа. Үерийн хугацаанд иргэдээс дөрвөн сая гаруй төгрөг хурааж аваад, дарга нь алга болчихсон байх жишээтэй. Долоодугаар сарын 16-нд 130 хүний бүрэлдэхүүнтэйгээр Сэлбэ гол дагуух 17.5 км газрыг цэвэрлэлээ гэв.

Баянзүрх дүүргийн Засаг дарга Н.Баярмөнх:

Тусгай чиг үүргийн байгууллагуудад иргэд, аж ахуйн нэгжээс талархал илэрхийлж байна. Үерийн дараах хор уршгийг арилгах ажил үргэлжилж байгаа. Цахилгааны байгууламжид лаг шавар орох, цахилгаан шат ажиллах боломжгүй болж, ус, цахилгаан өгөхөд хүндрэл үүссэн. Цаашид үер болохоос урьдчилан сэргийлж, бэлтгэл ажлаа хангах хэрэгтэй байна гэлээ.

Таны сурталчилгаа