Цаг үеийн мэдээ

“Оюутан цэрэг-2023” сургалт амжилттай явагдаж байна. Монгол Улсын Засгийн газрын шийдвэрээр энэ жил их, дээд сургууль, МСҮТ-ийн суралцагч нарын эрэлт хэрэгцээнээс хамааран 1500 оюутан цэрэг болгон нэмэгдүүлсэн бөгөөд ҮБХИС-ийн Шархад дахь Сургалтын төв, Зэвсэгт хүчний 119 дүгээр ангийн Сургалтын төв болон аймгуудад бүсчилсэн хэлбэрээр цэргийн мэргэжил олгох сургалтууд явагдаж байна.    

Тодруулбал, баруун, зүүн, хангай, говийн бүсийн аймгаасаа хамааран Зэвсэгт хүчний 123, 167, 186, 327, 330 дугаар ангиудын материаллаг баазыг түшиглэсэн сургалтууд явагдаж байгаа билээ.  Ингэхдээ нэгдсэн төлөвлөгөөний дагуу бие бялдар, сэтгэл зүйн бэлтгэлжилтийн түвшинг дээшлүүлэх сургалтууд, соёл хүмүүжил, яриа таниулга, нөлөөллийн арга хэмжээнүүд явагдаж, оюутан цэргүүдийн идэвх оролцоо ч өндөр байгаа юм.

Зэвсэгт хүчний 119 дүгээр ангийн Сургалтын төвийг түшиглэн явагдаж байгаа сургалтын нэг өдөртэй нийслэлийн Баянгол дүүргийн ЗДТГ-ын Цэргийн штабын дарга хурандаа Л.Цэрэгбаяр, доктор, профессор, бэлтгэлд байгаа хурандаа П.Нарангэрэл нар танилцаж, “Монгол Улсын тусгаар тогтнол” сэдвээр яриа таниулга хийсэн байна.

Мөн Зэвсэгт хүчний 327 дугаар ангийнхан оюутан цэргүүдийнхээ гар нийлэмжтэй хамтын ажиллагааг бэхжүүлэх, нөхөрсөг уур амьсгалыг бэхжүүлэх, эх орны тусгаар тогтнолын үнэ цэнийг ойлгуулах хүрээнд соёл хүмүүжлийн ажлуудыг тасралтгүй явуулж байгаа ажээ.

Түүнчлэн Зэвсэгт хүчний 330 дугаар ангийн материаллаг баазыг түшиглэн явагдаж байгаа сургалтаар оюутан цэргүүдэд сэтгэл зүйн хатуужил, бэлтгэл олгох, айдсаа даван туулах чадварыг эзэмшүүлэх зорилгоор 6 үе шаттай хичээлийг тус тус бэлтгэн явуулсан байна. 

Таны сурталчилгаа