Цаг үеийн мэдээ

Допингийн эсрэг байгууллага МОНАДА-гаас болж Монгол ад болж, Олимпын их наадамд алтан соёмбот далбаагаа барих биш ялагдаад бууж өгч буй цэрэг шиг цагаан туг өргөн оролцож магадгүй байна.

Дэлхийн допингийн эсрэг байгууллага Монголын Допингийн эсрэг байгууллагад, WADA-гаас МОНАДА-д муу дүн тавьжээ. Элэгний эмч Ж.Хатанбаатар хөвгүүд, хүү, хүргэний хамт удирддаг, элэггүй ажил, ийм нэгэн айлаас болж олимпод оролцож эхэлсний 60 жилээ төрийн далбаатайгаа биш цагаан ямбуутай угтах эрсдэл үүслээ. Олон улсын гэрээ тунхаглалд дулдуйдан Засгийн газрыг ч, МҮОХ-г ч ажилдаа ойртуулахгүй байх дархан эрхтэй сэргээшний эсрэг байгууллагыг өөрийг нь хэрхэн яаж сэргээхийн тулд арга буюу  Ажлын хэсэг байгуулсан байна. Шөвгөрсөн 32 бөхийн биен дэх хөлсийг нь наадамчид, давсган дах шээсийг нь МОНАДА авдаг боловч сэргээшний шинжилгээнд WADA-гийн хар жагсаалтад сэргээшний шинжилгээнд бүдэрсэн нэр ус ордоггүй, нэхэж шаардахаар үзүүлдэггүй. Улсын төсвөөс жил бүр 500 сая төгрөг, наадмын комиссоос шөвгөрсөн бөхчүүдийн шинжилгээний төлбөр мөнгө авдаг боловч шилэн дансны хуулийг мөрддөггүй нууц байгууллага. Төсвөөс мөнгө авсан бүх байгууллага, компани шилэн дансны хууль мөрдөх ёстой боловч шээсэн дансны хуудаснаас өөр цаас үзүүлдэггүй. Төсвийн мөнгөөр хэчнээн сургалт хийсэн, хэдэн хүн цалинжуулсан, аль улс ямар лабораторид хэчнээн төгрөг төлсөн гэдгээ хэлэх үүрэггүй гэж халуун ам бүлээрээ хаалттай хэвээр олон жил болж байна. Бөхчүүд допингтой юу, допингийн эсрэг байгууллага допингтой юу гэдэг нь одоогоор тодорхойгүй байна. Нэг талаас шээсэн бөхчүүд сэжигтэй, шээсний газар нь сэргээштэй юу?   

Нөгөө талаас олимпизм хариуцсан сайдтай болсон биш олимпод оролцож чадахгүйдээ туллаа. Олимпизм хариуцсан сайдаар цагийг эзэлсэн их сэхээтэн, оройгоор бакалавр, эчнээгээр магистр, үүрээр доктор хамгаалсан, Д.Мөнх-Эрдэнэ арсланг давхар шуудагдан зогсох зуураа давхраар англи орос, англи хэл сурч амжсан Бадмаанямбуугийн Бат-Эрдэнэ ажилладаг. Олон улсын гэрээ хэлэлцээр ёсоор төр оролцох эрхгүй юм байна. Оролцохгүй гэхээр бөөн хар сэр, хараал хэрүүл. Төр бөхчүүдийн шээсэнд хуруу дүрж, хууль хүчнийхэн ичимдэг юугаа гарган морь харахыг нь хянаж цагдаж, шээгчид нь хэлэхээс өмнө шээлгүүлэгч, шээлгэгч аль нэг талаас нэр ус нь түрүүлж задарсан нь WADA-гаас муу дүн авахад нөлөөлөв үү? А, Б сорьц гэдэг нь шээсийг нь хоёр савд хийгээд лацадсан гэсэн үг боловч улсын арслан, state lion  М.Бадарч Богд уулнаас дөрвөн дугуйтаасаа өнхөрч босоод, Намсам уулын хавьцаа Сөүлд өөрийн шээсээ харж хянахаар явсан байна. Хүний шээсний сорьц А нь Б-гээсээ зөрдөггүй бол арслан өөр амьтан ч байж болно. Наадмын дараа намар биш наадмын дараа шээс гэдэг үгтэй болоод байна. Намрын шар наран дор шээс шивтэр шинхэг ханхалсан Монголын их амаргүй амгалангүй үргэлжилсээр…     

Таны сурталчилгаа