Цаг үеийн мэдээ

Говь-Алтай аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Л.Насанбуян нь Цогт сумын засаг даргаар ажиллаж байхдаа тухайн үеийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын дарга Т.Сүхбаатар, тамгын газрын дарга Д.Цогзолмаа, сумын төрийн сангийн дарга Н.Мөнхцэцэг, сумын ИТХ-ын нарийн бичгийн дарга Д.Эрхэмбаяр, аймгийн соёлын газрын ажилтан Ц.Баасанжав, Баянтоорой тосгоны төсвийн нягтлан Ц.Алтанзагас нартай хамтран үгсэн хуйвалдаж төсвийн мөнгийг зориулалтын бусаар зарцуулсан, үлийн цагаан оготно устгах төсвийн хөрөнгийг “завшсан”, эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан гэх үндэслэлээр яллагчаар татагдан шүүгдэгдэж байгаа.

Тэгвэл өнөөдөр шүүх бүрэлдэхүүн хэргийг хэлэлцээд төсвийн мөнгийг зориулалтын бусаар зарцуулсан, эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан гэж үзэн Говь-Алтай аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Л.Насанбуянд ял оноолоо. Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс Л.Насанбуянг нийтийн албанд ажиллах эрхийг гурван жилийн хугацаагаар хасахаар шийдвэрлэв. Ингэснээр Л.Насанбуян Говь-Алтай аймгийн ИТХ-ын даргын ажлаа хүлээлгэн өгч, огцрох юм.

Энэ асуудал 2018 оноос эхлэлтэй бөгөөд Л.Насанбуян нарын 7 хүнд холбогдох эрүүгийн хэргийн шүүх хурал 11 удаа хойшлоод байсан юм. Үгсэн хуйвалдаж бүлэглэн төсвийн хөрөнгийг “ЗАВШСАН” энэ хэрэгт Орон нутагт энэ мэт бүлэглэн нийлж төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулдаг, хувьдаа завшсан асуудал байх бөгөөд нийтийн албанд ажиллах эрхийг гурван жилийн хугацаагаар хасахаар шийдвэрлэсэн нь хэрэгтнүүдийн “ТОЛГОЙГ” илж буй үйлдэл боллоо. Тэднийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 буюу “...нотлох баримтыг устгасан, нуусан, засварласан, өөрчилсөн, хуурамчаар үйлдсэн”, 22.1.1 буюу “... Албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, эсхүл зориуд хэрэгжүүлэхгүй байж өөртөө, эсхүл бусдад давуу байдал бий болгосон...” , 22.8-1.1 буюу “Төсөв захирагч төрийн өмч, төсвийн хөрөнгийг, зориулалтын бусаар зарцуулсан” зэрэг үндэслэлээр зүйлчилж шийтгэлээ.

Таны сурталчилгаа