Цаг үеийн мэдээ

БНХАУ-ын Харбин хотноо зохион байгуулагдсан Азийн өвлийн IX наадам баасан гарагт амжилттай өндөрлөлөө.

Хятадын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Чян Харбины олон улсын хурал, үзэсгэлэн, спортын ордонд болсон найрамдлын сэдэвт хаалтын ёслолд оролцож, Азийн Олимпын зөвлөлийн тэргүүн дэд ерөнхийлөгч Тимоти Фок Цун-тин наадам өндөрлөснийг албан ёсоор зарлажээ. “Азийн өвлийн наадмыг гайхалтай зохион байгуулсанд талархал илэрхийлье” гэж тэрбээр хэлсэн байна.

Азийн өвлийн наадамд Камбож, Саудын Араб улсууд түүхэндээ анх удаагаа оролцсон бөгөөд “Харбин-2025” наадам дэлхийн 34 орон, бүс нутгаас 1200 гаруй тамирчдыг хүлээн авснаар хамгийн том тэмцээн болж түүхэнд тэмдэглэгдэн үлдлээ. Энэ сарын 7-нд албан ёсоор нээлтээ хийсэн наадамд оролцогчид 11 спортын 64 төрлөөр хурд хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдсөн юм.

Хятад улс 32 алт, 27 мөнгө, 26 хүрэл медаль хүртсэн амжилтаар медалийн чансааг тэргүүлж, 2011 онд Астана-Алматад болсон Азийн өвлийн VII наадамд Казахстан улсын баг тамирчдын тогтоосон хамгийн олон алтан медаль хүртсэн дээд амжилтыг эвдсэн байна. Харин Өмнөд Солонгос 16 алт, 15 мөнгө, 14 хүрэл медаль хүртсэн амжилтаар хоёрдугаар байрт шалгарсан бол Япон 10 алт, 12 мөнгө, 15 хүрэл медальтайгаар удаалжээ.

Мөн есөн улс хамгийн багадаа нэг медаль хүртсэнээр рекорд тогтоосон байна. Азийн наадамд тав дахь удаагаа оролцож буй халуун орны Филиппин улс энэ удаагийн наадмаас эрэгтэйчүүдийн кёрлингийн төрөлд алтан медаль хүртсэнээр түүхэн амжилтын эзэд боллоо. Түүнчлэн Тайланд, Хятадын Тайбэй мөн Азийн өвлийн наадмаас анхны медалиудаа хүртсэн байна. 

Хаалтын ёслолын үеэр Азийн Олимпын зөвлөлийн далбааг буулгасны дараа Харбин хотын дарга Ван Хэшэн далбааг Т.Фокд гардуулан өгч, Т.Фок далбааг Саудын Арабын Олимп, Паралимпын хорооны ерөнхийлөгч, Спортын сайд, хунтайж Абдулазиз бин Турки Аль-Файсалд шилжүүлэн өглөө. Саудын Араб 2029 онд Азийн өвлийн наадмыг анх удаа зохион байгуулна.

Таны сурталчилгаа