Цаг үеийн мэдээ

БНСВУ-ын Хөдөө аж ахуй, хөдөөгийн хөгжлийн дэд сайд Чан Тхань Нам, Монгол Улсаас тус улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ж.Сэрээжавыг хүлээн авч уулзаж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Вьетнам Улсад хийх төрийн айлчлалын бэлтгэл ажлын хүрээнд хөдөө аж ахуйн хамтын ажиллагааны агуулга, арга хэмжээний талаар санал солилцов.

Элчин сайд Ж.Сэрээжав хоёр талын хамтын ажиллагааг бүх салбарт, тэр дундаа хөдөө аж ахуйн салбарт өргөжүүлэн хөгжүүлэх сонирхолтой байгаагаа илэрхийлж, Монголын мал аж ахуйн бүтээгдэхүүнийг Япон, Арабын Нэгдсэн Эмират, Кувейт, Хятад зэрэг томоохон орнууд импортоор авч байгааг тэмдэглэв.

Сүүлийн хоёр жилийн турш Монголоос Вьетнам руу ямаа, хонины махан бүтээгдэхүүн экспортлох асуудал шийдэлд хүрэхгүй байгаа учир Элчин сайд хоёр улсын мал эмнэлгийн байгууллагууд Монгол Улсаас Вьетнам руу малын гаралтай бүтээгдэхүүн экспортлоход таатай нөхцөл бүрдүүлэхийн тулд хамтран ажиллах мөн хоёр талын бизнес эрхлэгчид худалдаа эрхлэх үндэс суурь болох мал эмнэлгийн гэрчилгээг тохирох асуудлыг нааштайгаар шийдэх талаар талууд санал солилцов.

Хөдөө аж ахуй, хөдөөгийн хөгжлийн дэд сайд Чан Тхань Нам хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн, аялал жуулчлалын хамтын ажиллагааг хөгжүүлэх замаар хоёр улсын хамтын ажиллагааг нэмэгдүүлэх боломжтойг тэмдэглэж, олон жилийн турш яригдаж байгаа Монголоос Вьетнам руу ямаа, хонины хөлдөөсөн мах экспортлох асуудлыг хурдан шийдвэрлэх боломжийг эрэлхийлж ажиллахыг холбогдох байгууллагууддаа үүрэг болгов.

Вьетнамын Мал эмнэлгийн газрын дарга Нгуен Ван Лонг 2017 онд Вьетнам Улс Монголоос ямаа, хонины бүрэн боловсруулсан мах экспортлох зөвшөөрлийг олгосон хэдий ч өнөөдрийг хүртэл ямар нэгэн аж ахуй нэгж бүрэн боловсруулсан энэ төрлийн хонь, ямааны махыг зах зээлд оруулахаар бүртгэл хийлгээгүй. Харин хонь, ямааны гүн хөлдөөсөн мах экспортлох асуудлаар олон удаа санал солилцож ажилласан ба Монгол Улсад  бог малын мялзан болон шүлхий өвчлөлгүй бүс бий болгох чиглэлээр Монгол Улсын Мал эмнэлгийн ерөнхий газартай хамтран ажиллах санал дэвшүүлэв.

Таны сурталчилгаа