Цаг үеийн мэдээ

“Соёлын сэргэлт 2023” аяныг Булган аймгийн Гурванбулаг суманд “Хүүхдэд ээлтэй Булган” уриатайгаар амжилттай зохион байгууллаа. Гурванбулаг суманд Хөгнө тарна болон Хөгнө хан уул зэрэг байгалийн цогцолборт газар оршино. Хөгнө-Тарна нь байгалийн 3 хэв шинжийг нэг дор агуулсан байхаас гадна ховор, нэн ховордсон ургамал, ан амьтан, жигүүртний төрөл зүйлтэй газар нутаг юм. Тус сумаас Монгол Улсын баатар, сансрын нисгэгч Ж.Гүррагчаа мэндэлжээ.

НЭЭЛТ

Төрийн дууллаа хүндэтгэн эгшиглүүлж "Соёлын сэргэлт-2023" аяныг эхлүүллээ. Гурванбулаг сумын Засаг дарга Б.Дэлгэр, сумын ИТХ-ын дарга А.Эрдэнэбулган, Хүүхдийн төв номын сангийн хэлтсийн эрхлэгч Л.Батболор нар нээж, тус сумын малчин, ардын авьяастан уртын дууч Д.Батхуяг “Эр бор харцага” уртын дуугаараа нутгийн олны сонорыг мялаав. 

Мөн Сэлэнгэ сумын дуучин Г.Батдорж, 

Бугат сумын дуучин А.Мижиддорж, Ж.Гүррагчаагийн нэрэмжийн ЕБС-ийн 7а ангийн сурагч Б.Пүрэвдорж нар ая эгшиг өргөж, Соёлын төвийн дэргэдэх дуу бүжгийн “Өсөх нахиа” хамтлагийн бүжигчид “Plash mob” бүжгээр мэндчилгээ дэвшүүллээ. 

СУРГАЛТ,  МЭРГЭЖИЛ АРГА ЗҮЙН ЗӨВЛӨН ТУСЛАХ ҮЙЛЧИЛГЭЭ:

Сумын Соёлын төвийн номын санч Б.Цэрэнханд, ЕБС-ийн номын санч С.Цэрэннадмид нарт Хүүхдийн төв номын сангийн хэлтсийн эрхлэгч Л.Батболор  мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч ажиллалаа.

Түүнчлэн Хүүхдийн төв номын сангаас Цэнхэр алт сургалтыг хэрэгжүүлж эхлээд буй. Цэнгэг ус ховордож, дэлхийн олон орон усны хомсдолд орж байгаа тухай, номын санч Г. Дарьсүрэн “Цэнхэр алт” сургалтаараа  хүүхдүүдэд ойлгуулж, ус алтнаас ч илүү үнэ цэнтэй хийгээд хэрхэн хайрлаж хамгаалах ёстойг таниулан сурталчиллаа.

ШАГНАЛ: 

Гурванбулаг сум тэргүүний уншигч хүүхдүүд олонтой юм. Тэгвэл шилдгүүдийн тоо нэмэгдэж, сумын ЕБС-ийн 5а ангийн сурагч Б.Шинэсар, 5б ангийн сурагч А.Төгөлдөрбаяр, 4б ангийн сурагч Б.Гэрэлмаа нар 

“Тэргүүний уншигч-Д.Нацагдорж” тэмдэг, үнэмлэхээр шагнууллаа. 

СОЁЛЫН ХӨТӨЛБӨР:

Хүүхдийн төв номын сангийн хүүхдийн заавал унших ёстой шилдэг шинэ номоор баяжуулсан "зөөврийн номын сан" үзэсгэлэнг дэлгэн, уншлага үйлчилгээг хүргэлээ. 

Мөн уламжлалт тоглоом наадгайн 4 төрөл, сургалт-наадгай хэлбэрээр зохион байгуулж оньсон болон шагайт тоглоомуудыг хэрхэн тоглохыг заах сургалт, 

Монгол ахуйг чулуун дээр урлаж, Цогттайж миний нүдээр зураг зурах, 

Бурхан халдун уул түүний ойр орчмын газар нутаг, соёлын өвүүдийг үзүүлэх виртуалаар аялуулах зэрэг олон хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэн ажилласан нь хүүхдүүдийн сонирхлыг ихэд татаж байсан юм. 

Түүнчлэн нутгийн иргэн өвлөн уламжлагч Д.Пүрэвсүрэн “Үндэсний хувцас”, 

мужаан н.Цогхүү “Модон эдлэл”-ийн үзэсгэлэнгээ дэлгэж нутгийн иргэддээ сонирхууллаа. 

УРАЛДААН ТЭМЦЭЭН: 

Хүүхдүүдийн хамгийн дуртай уралдааны нэг бол хурдан даага. 

Модон морины уралдаанд 

ЕБС-ийн 1а ангийн сурагч Ч.Мөнхбат, 

1б ангийн сурагч Э.Мөнхбалам, 

1б ангийн сурагч Л.Үлэмж, Э.Ананд, 

2б ангийн сурагч н.Дөлгөөн нар, 

Түргэн хэллэг, Зүйр цэцэн үгийн уралдаанд 8б ангийн сурагч н.Буянжаргал, 

8б ангийн сурагч н. Энхмаа, 

8а ангийн сурагч н.Лхагважаргал, 

7б ангийн сурагч н.Номин,

12а ангийн сурагч н.Хандармаа нар тус тус шалгарч Хүүхдийн төв номын сангийн гарын бэлгээр шагнууллаа.

"Соёлын сэргэлт-2023" баг хамт олон орон нутгийн музейн үйл ажиллагаатай танилцаж, нутгийн өвлөн уламжлагчдын бүтээл, хуучны эд зүйл, байгалийн ур, сумын түүхтэй холбоотой үзмэрүүдийг үзэж сонирхлоо. 

Таны сурталчилгаа