Цаг үеийн мэдээ

Эмийн чанар, аюулгүй байдал, зохистой хэрэглээг хангах мэдлэг мэдээллийг төлөвшүүлэх зорилготой “Эмийн аюулгүй байдлын долоо хоног” аяныг энэ сарын 6-наас улс орон даяар зохион байгуулж байна.

ДЭМБ-ын Олон улсын эмийн аюулгүй байдлын хяналтын хөтөлбөрийг хэрэгжүүлэгч УППСАЛА төв 2016 оноос хойш иргэд, эмнэлгийн мэргэжилтний эмийн гаж нөлөөний талаарх ойлголт, мэдлэгийг дээшлүүлж, гаж нөлөөг олон нийтэд мэдээлэхийн ач холбогдлыг таниулах зорилгоор “MedSafetyWeek-Эмийн аюулгүй байдлын долоо хоног” аяныг зохион байгуулж ирсэн.

Энэ жилийн хувьд энэхүү аяныг арваннэгдүгээр сарын 6-12-ны хооронд “Эмийн гаж нөлөөг хүн бүр мэдээлэх боломжтой” уриан дор зохион байгуулж буй бөгөөд дэлхийн 100 гаруй эмийн зохицуулалтын байгууллага, 90 гаруй улс дэмжин оролцож байна.

Монгол Улс 2020 онд Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт зохицуулалтын газрыг байгуулснаар УППСАЛА төвд албан ёсоор нэгдэх боломж эрх зүйн хувьд бүрдэж, 2021 онд тус төвийн 149 дэх жинхэнэ гишүүнээр элссэн. Ингэснээр Олон улсын эмийн хяналтын хөтөлбөрийг хэрэгжүүлэгч орны нэг болж эмийн гаж нөлөө бүртгэн мэдээлэх тогтолцоо бүрэн цахимжиж,  олон улстай эмийн аюулгүй байдлын дохио, мэдээллийг шуурхай солилцох боломж бүрдсэн нь үндэсний фармаковижилансын тогтолцоонд томоохон дэвшил гараад байгаа юм.

Өнөөдрийн байдлаар нийслэл, хөдөө орон нутгийн 250 гаруй оролцогч албан ёсоор уг аянд нэгдэн эмийн гаж нөлөөний мэдээллийг түгээхээр бүртгэлээ ирүүлж, төлөвлөгөөгөө хэрэгжүүлэн ажиллаж байна.

Тус аяны хүрээнд иргэдийн эмийн гаж нөлөөний талаарх ойлголт, мэдлэгийг сайжруулах, хэрхэн мэдээлэх, мэдээлэхийн ач холбогдлыг олон нийтийн цахим сүлжээгээр дамжуулан таниулан сурталчлахад чиглэсэн төрөл бүрийн арга хэмжээ зохион байгуулж байгаа юм.

Улсын хэмжээнд сүүлийн зургаан жилийн хугацаанд нийт эмийн гаж нөлөөний 722 тохиолдол үндэсний мэдээллийн санд бүртгэгдсэн. Гаж нөлөөний тохиолдол бүрийг үнэлж, тухай бүрт нь Эм судлалын салбар зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэн үнэлгээг баталгаажуулж, шаардлагатай тохиолдолд зохицуулалтын шийдвэр, зөвлөмжийг гарган эрсдэлийг бууруулах арга хэмжээг авч хэрэгжүүлж ирсэн.

Эмийн гаж нөлөөний сэжигтэй тохиолдол бүрийг мэдээлэх нь судлагдаагүй ховор, ноцтой гаж нөлөөний тохиолдлыг илрүүлэхээс гадна, хуурамч, стандартын бус, бүртгэлгүй эм болон бусад эмийн хэрэглээтэй холбоотой асуудлыг илрүүлэн шуурхай арга хэмжээ авах боломжийг бүрдүүлж байдаг.

Өнөөдрийн байдлаар манай улсад эмийн аюулгүй байдлын хяналтыг Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хууль, Эрүүл мэндийн сайдын 2023 оны А/67 дугаар тушаалаар баталсан “Эмийн гаж нөлөөг бүртгэх, мэдээлэх, үнэлэх, баталгаажуулах” журмаар зохицуулж байна.

ДЭМБ-ын зөвлөмжөөр эмийн гаж нөлөөний тохиолдлыг илүү өргөн хүрээнд  цуглуулахын тулд аль болох олон хэлбэрээр авахыг зөвлөдөг. Манай улс одоогийн байдлаар 4-5 хэлбэрээр гаж нөлөөний тухай мэдээллийг хүлээн авч байгаа бөгөөд уламжлалт хэлбэр буюу гараар бөглөх цаасан маягт, утсаар холбогдох, компьютерээр бэлэн маягт бөглөхөөс гадна gajnoloo@mmra.gov.mn цахим хаяг болон иРепортинг цахим системийн аль боломжтой хэлбэрийг сонгон ирүүлэх боломжтой юм.

Иймд эмийн гаж нөлөө илэрсэн тохиолдол бүрийг мэдээлснээр цаашид учирч болзошгүй олон эрсдэлээс хэн нэгнийг хамгаалах боломжтой.

Мэдээлэл бүр үнэ цэнэтэй тул дараах холбоосоор иРепортинг цахим системтэй танилцах боломжтой. https://mmra.gov.mn/?id=200312]