Цаг үеийн мэдээ

Бангладеш дахь Мьянмарын исламын шашинтай иргэд болох рохинжачуудын дүрвэгсдийн хуаранд ням гарагт гал гарчээ. Ням гарагт гарсан галын улмаас 800 орчим орогнох байр шатаж, 7,000 орчим дүрвэгч байрлах газаргүй болжээ. Азаар хүний амь нас эрсэдсэн тохиолдол гараагүй байна. 

Дүрвэгсдийн хуаран дахь хорогдох байрууд ихэвчлэн хулс, брезентээр хийгдсэн байдаг тул амархан шатдаг. Бангладеш улсын дүрвэгсдийн асуудал хариуцсан комиссар Мизанур Рахман галыг санаатай тавьсан байж болзошгүй гэж үзэж байгаа тул шалтгааныг нь тогтоохоор мөрдөн шалгах ажиллагаа эхлүүлсэн гэж мэдэгджээ. 

НҮБ дүрвэгсдийн хуаран дахь хичээлийн байр, сүм, эрүүл мэндийн төв зэрэг 120 орчим байршил ням гарагийн өглөө гарсан галд өртсөн гэж мэдээлсэн байна. Бангладеш улсад рохинжа дүрвэгсдийн хуаран шатах тохиолдол элбэг. Нэн ялангуяа 11-4 сар хүртэл хуурай уур амьсгал зонхилдог улиралд гал түймэр их гардаг байна. 

Мьянмар улсад исламын шашинтай цөөнх рохинжачуудын эсрэг зэвсэглэсэн цэргийн ажиллагааг 2017 онд явуулсны улмаас хөрш Бангладеш улс руу сая орчим рохинжа иргэн дүрвэн гарчээ. Мьянмарын уг ажиллагааг НҮБ геноцидын гэмт хэрэг үйлдсэн байж болзошгүй гэж үзэн шалгаж байгаа юм.

Таны сурталчилгаа