Цаг үеийн мэдээ

Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарын санаачилгаар Улсын Их Хурлын даргаар ажиллаж байсан хүмүүсээс бүрдсэн “Хуралдай” зөвлөлдөх танхим байгуулагдсан. Өнөөдрийн уулзалтад парламентын спикерээр ажиллаж байсан Н.Багабанди, С.Төмөр-Очир, Н.Энхбаяр, Р.Гончигдорж, Ц.Нямдорж, Д.Дэмбэрэл нар хүрэлцэн ирж оролцов.

Уулзалтыг нээж Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар үг хэлэхдээ, “Хуралдай” зөвлөлдөх танхимын ээлжит уулзалт Ардчилсан шинэ Үндсэн хууль батлагдсан түүхэн өдөр зохион байгуулагдаж байгааг тодотгоод Зөвлөлдөх танхимын гишүүдэд Ардчилсан шинэ Үндсэн хууль батлагдсаны 32 жилийн ойн баярын мэндчилгээ дэвшүүллээ.

Үргэлжлүүлэн хөтөлбөрийн дагуу Монгол Улсын Үндсэн хуулийн өөрчлөлттэй холбогдуулан авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, цаг үеийн асуудлаар Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар танилцуулж, холбогдох хууль тогтоомжуудын талаар Хуралдай зөвлөлдөх танхимын гишүүдэд мэдээлэл өглөө.  Дараа нь  “Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, Анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойг тэмдэглэх тухай” Улсын Их Хурлын тогтоол, төлөвлөгөөний талаар “Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, Анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойг тэмдэглэх ажлыг зохион байгуулах Ажлын хэсгийн ахлагч, Улсын Их Хурлын дэд  дарга Л.Мөнхбаатар танилцуулга мэдээлэл хийж, Хуралдай зөвлөлдөх танхимын гишүүд асуулт асууж, харилцан санал солилцсоноор өнөөдрийн уулзалт өндөрлөв.

Дашрамд дурдахад Улсын Их Хурлын даргаар ажиллаж байсан хүмүүсээс бүрдсэн “Хуралдай” зөвлөлдөх танхим нь хууль тогтоох үйл ажиллагааг сайжруулах, парламентын тогтолцоог цаашид төлөвшүүлэх, судалгаа, шинжлэх ухаанд суурилсан мэтгэлцээний зарчмыг хэвшүүлэх, харилцан туршлага сургамжаа солилцох, тулгамдсан асуудлаа хамтран ярилцаж зөвшилцөх, парламентын гишүүдтэй хамтран уулзалт ярилцлага, хэлэлцүүлэг зохион байгуулах зэрэг чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг сайн дурын механизм юм. “Хуралдай” зөвлөлдөх танхимын  гишүүд нь үе үеийн УИХ-ын дарга нар, тэргүүн нь УИХ-ын даргын албыг хашиж буй хүн байх бөгөөд  зөвлөлдөх танхимын үйл ажиллагаанд ямар нэг санхүүжилт шаардагдахгүй, гишүүд нь цалин хөлс, урамшуулал авахгүйгээр ажилладаг хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.

Таны сурталчилгаа